Замын ослыг бууруулах арга нь дагуул хотууд

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

Замын ослыг бууруулах арга нь дагуул хотууд

УИХ-ын эрхэм гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар асуулга тавьсан юм. Гишүүд асуулгадаа сүүлийн гурван жилийн судалгаагаар жилд дунджаар 600 орчим хүн зам, тээврийн ослоор амь насаа алдаж, 3000 гаруй хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирч, 2010 оны эхний есөн сарын байдлаар 28000 орчим зам тээврийн осол, хэргийн дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авсан байдгийг дурджээ. Зам тээврийн осолд өртөгсдийн дотор сургуулийн насны хүүхэд нэлээд хувийг эзэлж байна. Зам, тээврийн осолд суудлын машины насжилт, буруу талын хүрд, хотын буруу төлөвлөлт, замын чанар, согтуу жолооч, явган зорчигчдын хөдөлгөөний соёл дутмаг зэрэг хүчин зүйл голлон нөлөөлжээ. Арван осол тутмын нэгийг согтуу жолооч үйлдсэн байна. Мөн төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн сайнгүй, энэ харилцааг зохицуулах, хянах төрийн байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа учир дутагдалтай гэсэн дүгнэлт, мэдээллүүд байгааг гишүүд асуулгадаа дурджээ. Гадаадын жуулчид Монголын замын хөдөлгөөнийг дайны нөхцөл байдалтай зүйрлэж, “Монголын авто замууд хүний амьд явах эсэхийг сорьдог” гэж хэлсэн байдаг. Германы Замын цагдаагийн ажилтан “Монголын зам дээр үхье гэсэн хүн л ажиллах байх” гэсэн нь ч бий. Энэ эмзэг хөндүүр асуудлыг гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар хөндөн Засгийн газарт хандсан юм.

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн үдээс хойших хуралдааны Засгийн газрын мэдээллийн цагаар гишүүдийн асуулгад Засгийн газраас өгсөн хариуг  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дараах тоо баримтуудыг танилцуулав. Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар 2006 онд улсын хэмжээнд 177300, нийслэл хотод 82100 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байсан бол 2010 онд улсын хэмжээнд 296800, нийслэлд 168800 болж, 2,0-2,5 дахин өсч, замын хөдөлгөөний нягтрал ихэссэн нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын гаралтад нөлөөлсөн байна. 2006-2010 онд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 6954 үйлдэгдэж, 1672 хүн нас барж, 4944 хүн гэмтсэнийг өмнөх таван жилтэй харьцуулахад гэмт хэрэг 11.2 хувиар өсч, нас барсан хүний тоо 6,7, гэмтсэн хүний тоо 27,7 хувиар тус тус буурчээ. Харин нийслэлд дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 3187 гарч, 547 хүн нас барж, 2723 хүн гэмтсэнийг өмнөх таван жилтэй харьцуулахад гэмт хэрэг 6,4 хувиар, нас барсан хүний тоо 19 хувь, гэмтсэн хүний тоо 29,9 хувиар тус тус буурсан байна.

Зам тээврийн осол, хэргийн 78,3 хувь нь жолоочийн буруугаас буюу 11,1 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 8,1 хувь нь анхаарал болгоомжгүй, 7,6 хувь нь уулзвар, гарц нэвтрэх дүрэм зөрчсөн, 7,1 хувь нь аюул тулгарах үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, 6,8 хувь нь хурд хэтрүүлсэн, 1,6 хувь нь хүн ба ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөнөөс гарчээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг 2007-2010 онд хоёр үе шаттай хэрэгжүүлсэн бөгөөд улсын хэмжээнд гарсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг, осол, түүний улмаас үүссэн хохирлыг 2003-2006 онтой харьцуулахад осол 43,5 хувиар, хэрэг 14.1 хувиар өсч, нас барсан, гэмтсэн хүний тоо 14,2-21,1 хувиар буурчээ. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолд заасан шинээр батлах хуулийн жагсаалтад “Хот суурины төлөвлөлтийн тухай”,” Хотыг дахин хөгжүүлэх /төлөвлөх/ тухай”,”Газар зохион байгуулалтыг шинэчлэх тухай”,”Хурдны замын тухай”, “Авто зогсоолын тухай” хуулиудын төслийг боловсруулж батлуулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн жагсаалтад “Хот байгуулалтын тухай”,” Авто тээврийн тухай”, “Газрын төлбөрийн тухай” хуулиудыг оруулж, дээрх хуулиудын төслийг боловсруулж байна. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулан ажиллуулж байгаа талаар сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Сайдын хийсэн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлэв. Г.Баярсайхан гишүүн “Замын ослын эдийн засгийн хохирол дэлхийн хэмжээнд 500 тэрбум ам.долларт хүрдэг гэсэн статистик үзүүлэлт байдаг. Манайд ийм тооцоо байна уу. Мөн тээврийн хэрэгслийн ослоос гадна хүмүүсийг замын хөдөлгөөнд соёлтой, дүрмээ барьж оролцуулах талаар хийж байгаа зүйл байна уу” гэсэн асуулт тавьсан юм. Замын цагдаагийн газрын даргын тайлбарласнаас үзвэл Монгол Улсын хэмжээнд жилдээ хоёр тэрбум төгрөгийн зам тээврийн ослын хохирол гардаг. Үүнээс нийслэлд 1,6 тэрбум төгрөгийн хохирол гарч байна. Өнөөдөр нийслэлд 220 орчим мянган автомашин явж байгаа бөгөөд жил бүр машины тоо нэмэгдэж, хөдөлгөөнийг Замын цагдаагийн хүчээр зохицуулж байгаа. Нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээ муудсан нь үнэн. Баазын удирдлагууд машинаа ч, жолоочоо ч үзлэгт оруулдаггүй аж.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Замын цагдаагийн орон тооны асуудал хүнд байгааг дуулгаад хотын гудамж замын зай талбай хэвээр байгаад байдаг. Гэтэл жилээс жилд авто машины тоо эрс өсч байна. Иймд Улаанбаатар хотын төлөвлөлтийг шинэчилж, замын асуудлыг шийдэхгүй бол цааш явахгүй” гэлээ. Гишүүд осол аваарыг илрүүлэх зорилгоор замын уулзваруудад тавьж буй камеруудыг чанаржуулах, буруу хүрдтэй автомашинуудыг цэгцлэх, торгуулийг нэмэгдүүлэх, автомашиныг чипжүүлэх, жолооч нарыг чадваржуулах, давтан сургалтад хамруулах болон хотын түгжрэлийг цэгцлэх, журамлах цаг нь болсон гэдгийг хэлж байв. З.Энхболд гишүүн “Энэ бүхэнд Улаанбаатар хотын хэт төвлөрөл хамгийн их саад болж байна” гээд  “Асуудлыг шийдэх хамгийн зөв гарц нь нийслэл хотын дагуул жижиг хотууд байгуулах явдал юм. Ингэхгүйгээр цагдаагийн орон тоог нэмээд ч, ухаалаг камер тавиад ч, автомашиныг чипжүүлээд ч шийдэхгүй” гэж байлаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны 10 жил болгон тунхаглаж 2010 оны есдүгээр сард Бангкок хотод болсон Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн зомиссын Бүсийн шинжээчдийн бүлгийн хурлаасм зам тээврийн осол, хэргийн улмаас нас барах явдлыг хоёр дахин бууруулах, 2010 оны аравдугаар сард Улаанбаатарт Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн санаачлагаар зохион байгуулсан үндэсний зөвлөгөөнөөс Монгол Улсын хэмжээнд 2011-2012 онд зам тээврийн ослын улмаас нас барагсдын тоог 20 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн зөвлөмж гаргасныг Засгийн газрын хариуд дурджээ. Энэ чиглэлээр Монгол Улсад Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг 2011-2020 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтот хөтөлбөрийг боловсруулан баталж хэрэгжүүлэхээр болсон байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж