Зул сарын баярыг тохиолдуулан Финляндын нийслэл Хельсинк хотод зөвхөн нохойд зориулсан бассейн нээжээ. Ноход болон гөлөг спортоор хичээллэхэд зориулсан энэ бассейн нохдыг дасгалжуулах дасгалжуулагчаас гадна сэлэлтийн замтай гэнэ. Мөн сэлж дөнгөж сурч байгаа гөлөгнүүдэд зориулсан тусгай бэлтгэл хичээлтэй аж. Гэрийн тэжээмэл амьтад, тэр тусмаа ноход хотын байранд байдгаас задгай тэнгис далайд сэлэх боломжгүй гээд сэлэлтийн энэ бассейнийг санаачилсан гэжээ.
Гэхдээ ноход сэлэлтээр хичээллэх нь эздэд нь нэлээд үнэтэй тусах юм. Нэг удаа энэ тусгай бассейнд нохойгоо сэлүүлэхийн тулд эзэд нь 30 хүртэл еврог төлөх аж. Энэ нь хүмүүс ордог ердийн бассейнаас зургаа дахин үнэтэй юм. Харин хайртай нохдоо спортоор хичээллүүлэх хүсэлтэй финчүүдийн хувьд өндөр үнэ тэднийг айлгаагүй бөгөөд бассейн нээгдэхээс өмнө сэлэлтийн ихэнх цаг захиалагдсан ажээ.
Н.Тунгалаг