Микробусны чиглэлийг 20 хувиар бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

Микробусны чиглэлийг 20 хувиар бууруулжээ

Нийслэлийн нийтийн тээврийн салбарын хувьд 2011 онд бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, ажлын байрны тоог нэмэгдүүлэн, тээвэрчдийн хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах болон үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон талт ажлыг өрнүүлэн амжилттай ажиллалаа. Тухайлбал:

Үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хийсэн ажлын үр дүн: Их багтаамжийн автобусны зургаан чиглэл шинээр нээгдэж, найман чиглэлийг сунгах, 14 чиглэлд өөрчлөлт оруулах, автобусны тоог 43-аар нэмэгдүүлэх, 26 автобусны зогсоолд тэмдэг тавьж баталгаажуулах зэрэг ажлыг зохион байгуулсан. Монел, Бэлх, III, IV хорооллын арын айлуудад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэсэн.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автозамын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, давхцлыг бууруулах ажлын үр дүн: Бага багтаамжийн автобусны чиглэлийг зургаагаар буюу 20 хувиар бууруулж, их багтаамжийн автобусны чиглэлтэй 100 хувь давхцдаг бага багтаамжийн автобусны чиглэл байхгүй болгосон. Энхтайвны өргөн чөлөөний нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг бууруулах, автобус, троллейбусны хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх боломжийг судлах судалгаа хийгдсэн.

Автобусны эцсийн зогсоолыг тохижуулах ажлын үр дүн: Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч, кондукторын түр амрах байр, цайны газар, халуун усны цэг, 00-ын өрөө, болон байнгын ажиллагаатай диспитчерийн байр бүхий автобусны дөрвөн эцсийн зогсоол, есөн зогсоолын талбайг хөдөлгөөний аюулгүй байдалд нийцүүлсэн, 27 зогсоол дээр мэдээллийн самбартай, 65 дундын зогсоолыг тохижуулсан.

Таксийн зогсоол тохижуулах ажлын хүрээнд:
Таксийн зориулалтын найман зогсоолтой болж иргэд найдвартай таксигаар үйлчлүүлэх боломж бүрдсэн. Нийтийн таксийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүд 2011 онд нийт 612 таксийн тээврийн хэрэгслийг шинээр үйлчилгээнд гаргасан байна.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд: Их багтаамжийн 400 автобусанд шатдаг нефтийн хий болон дизель түлшний хосолмол хэрэглээнд шилжүүлэх төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлын гүйцэтгэгч шалгаран ажлыг эхлүүлсэн. Мөн их багтаамжийн 485, бага багтаамжийн 942 автобусанд, нийслэлийн төр, захиргааны 10 байгууллагын 73 дизель хөдөлгүүртэй автомашин буюу нийт 1500 тээврийн хэрэгсэлд төхөөрөмж суурьлуулснаар агаарын бохирдуулалт тодорхой хувиар буурсан. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээнд шилжүүлснээр “Автотээврийн тухай” хууль хэрэгжиж эхэлнэ.

Нийтийн тээврийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж