
Ийм орон гэргүй тэнэмэл иргэд нэгэнт олширсон тул уг асуудлыг төр, нийслэлийн хэмжээнд авч үзээд зохих зохицуулалт хийх, анхаарч судлах зорилгоор олон байгууллагын хамтарсан ажлын хэсэг гаргах нь гаргасан юм байна. НХХЯ-ны ажилтны хэлснээр энэ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байдаг ажлын хэсэг аж. Тэдэнтэй уузъя, ямар ажил зохион байгуулж, хэр зэрэг арга хэмжээ авч байгаа талаар асуух гэсэн авч тус газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс эзгүй байлаа. Тэгэхээр нь Нийслэлийн цагдаагийн газрын энэ асуудал хариуцсан ажилтан, хошууч Б.Энхболдтой холбоо барьж лавлахад орон гэргүй, архаг архичид нийлсэн 500-1000 хүн ийнхүү сэлгүүцэж явдаг аж. Тэр хүмүүс бүгд гэр оронгүй юу гэвэл үгүй. Зарим нь архинд хэт донтсоноос гэр орноосоо хөөгдсөн хүмүүс юм байна. Түрүү жил яг ийм хүн-хогнуудыг тоолж бүртгэх, байршлыг нь тогтоох зорилгоор тэдэнд халуун хоол ундаар үйлчлэх ажил зохион байгуулахад 680 хүн хамрагдаж байжээ. Харин энэ жил тэднийг тоолоогүй бөгөөд байн байн хоол ундаар үйлчлээд байх хөрөнгө төсөвт нь байхгүй аж. Нийслэлийн цагдаагийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх дээд арга хэмжээ нь хүн-хогнуудыг архины албадан эмчилгээнд илгээх гэнэ. Тэглээ гээд байдал сайжирдаггүй.
Цаашид яах ёстой вэ. Хүн-хогнууд айлын хаалга дэрлэн хэвтэж, хавь ойрдоо бөөс, хуурс, өвчин тарааж олон нийтийн амгалан тайван амьдрах эрх ашигт харшилсаар байх уу. Энэ хүмүүс ямар халдварт өвчин нийгэмд өтний ялаа мэт цацаж тарааж явааг мэдэх, судлах, тооцох шаардлага байхгүй юү. Нэг сая хүн амтай нийслэлд 1000 хүн ингээд явж байна гэдэг жирийн, айх аюулгүй үзүүлэлт үү, аль эсвэл цаг алдалгүй арга хэмжээ авах ёстой хөндөх сэдэв үү.
Мэдээж энэ олон хүнд байсхийгээд хоол өгч, дайлж цайлаад байх боломж, хөрөнгө нийслэлд ч, төрд ч байхгүй. Гэхдээ энэ хүмүүсийг зоргоор нь ингэж бэлчээгээд байлгүй, хоол ч өгч, хүчийг нь ашиглах арга зам бол байгаа юм. Нийслэлийн хаа л бол хаана тэдний хүчээр амжуулах ажил, бүтээх үйлс харагдсаар байгаа юм. Хамгийн наад зах нь зам цэвэрлүүлье. Хальтхан гишгэхэд л хальтирч унаж хөлөө хугалчих гээд явж болохгүй байгаа биз дээ, нийслэлчүүд. Зүйгээр бол зам, талбайг мөстөж мөлийхөөс нь өмнө цэвэрлэж цасан овоолго босгоход хавар шар ус нь зүлэг ногооны чийг болж байх ёстойсон. Нэгэнт ингэж цагт нь хөдөлж чадалгүй зам талбай бүрээ мөстүүлдгээс, өдгөө ч тийм байгаагаас хойш цэвэрлэж хусах ажилдаа энэ мэт гар хөл нь бүтэн, тархи толгой нь ажилладаггүй нөхдүүдийг хоморголон дайчилж хөдөлмөрийн лагерийн журмаар ажилллуулъя. Хийсэнд нь таарсан хөлсөнд нь хоол унд өгдөг болъё. Хүмүүнлэгийн ёс, хүний эрх, их хотын хэв журам, оршин суугчдын эрх ашгийн үүднээс аваад үзсэн ч хэрэгжүүлэхэд харшлах зүйлгүй төсөл санагдана. Гагцхүү голдрилын дагуух хөрөнгийг зөв тооцоолж санхүүжилтийг зохицуулахад л хүн-хоггүй, хальтиргаа гулгаагүй Улаанбаатар болох биш үү.
