“Манайхан Америкийн Сенатчдын өрөөг дуурайдаг юм билээ”

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

“Манайхан Америкийн Сенатчдын өрөөг дуурайдаг юм билээ”

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн “өрөөнд” зочиллоо. Түүнийг чинээлэг гэдэг ч гоё ганган гангараагаар чамирхах гээд байхгүй юм. Түүнтэй ярилцахаар ороход “миний юу хийж, хэдэн цагт босч,  идэж уух нь хэнд  хэрэгтэй юм бэ дээ. Улс орныхоо хөгжлийн төлөө бүгдээрээ санаа тавья л даа” хэмээн цааргалангуй угтсан юм. Бодсоноо нуулгүй хэлчихдэг шулуухан зантай түүний өрөө Төрийн ордны дөрөвдүгээр давхарт байрладаг. Өрөөгөө элдэв чимэглэлээр гоодоогүй ч, ховор сонин зүйл олонтой юм.

-Таны өрөөнд нэг сонин юм байна аа. Хавтгай хэлбэртэй энэ хачин эд (том сав зүсээд тавьсан юм  шиг) юу вэ. Нүд унамаар гоё зүйл биш ч, сонин санагдаад байна?

-Нано технологийн сэнс. Тойргийнхоо дагуу нимгэхэн, нарийхан завсартай. Үүгээр  нь салхи үүсгэж гаргадаг юм.

-Эргэлдэх сэнсгүй байж уу. Хаанаас авсан бэ, та?

-Германаас авчирсан эд. Орчин үед сэнс хүртэл ийм болж.

-Гадаад их явдаг уу. УИХ-ын гишүүд гадагшаа явахыг ёстой үзүүлж өгөх юм. Та парламентад суух хугацаандаа хэр олон явав?

-Би хувийн шугамаар л явдаг. Гишүүн болсноос хойш албан томилолтоор ерөөсөө явж үзээгүй. Би ч явъя гэдэггүй, намайг ч явуулдаггүй юм. Яваач гэж урьсан  удаа байхгүй. Бразил Монголын парламентын  бүлгэмийн даргын хувьд Д.Хаянхярваа гишүүнтэй хамт  өнгөрсөн  хавар л ганц удаа  явсан.

-Ер нь  ажлын  өрөө нь  тухайн  хүнийг  тодорхой хэмжээгээр илтгэдэг үү. Та олон газраар явсан  хүний хувьд ямар байдгийг мэдэх байх? 

-Би ч бизнесмэнүүдийнхээр л олон орсон доо. Жишээ нь, Хятадын  бизнес эрхлэгчдийн  оффист новширсон олон зураг, хөрөг  байдаггүй юм билээ.  Харин  эртний эдлэл ганц нэгийг  тавьсан  байдаг. Эсвэл  удам  дамжсан  өвөг дээдсийнхээ зураг,  үлдээсэн гар  бичмэлийг л залсан харагддаг.  Гэтэл манайхныг  хараад  байхад бараг гэрийнхээ альбомыг  авчраад тавь­ихсан байдаг.  Ерөнхийлөгч,  УИХ-ын  даргатай авахуулсан  зургаа наачихсан  ч байх  шиг. Фото зургийн үзэсгэлэн  гаргачихсан  ч юм шиг.  Надад тийм  байх таалагддаггүй.

-Дээхэн үед ч ханандаа зураг их өлгөдөг байсан шүү дээ. Ленин, Сүхбаатар, Цэдэнбалын гээд?

-Тухайн  үед  Төв  хорооны тогтоолтой, албан шахалтаар өлгөдөг байсан. Намын дарга, албан байгууллага, Улс төрийн товчооны гишүүдийн өрөөнд зураг өлгөх нь тодорхой. Одоо манай гишүүд Америкийн Сенатын гишүүдийн өрөөг дуурайдаг бололтой юм билээ. Уг нь дуурайхаар хэрэгтэй зүйл биш. Дуураймаар байвал тэд эх орныхоо төлөө үнэнч шударга ажилладаг зарчим, хууль баталдаг, хэлэлцдэгийг нь дуураймаар юм шиг санагддаг. Түүнээс биш гэрийнхээ альбомыг өрөөндөө авчирч өлгөөд л, түүнийгээ тайлбарлаж яриад байх шаардлагагүй.

-Таны өрөөнд Дилав хутагтын зураг байна. Завханы олон хутгаас Та яагаад энэ хүний онцолсон юм бэ?

-Дилав хутагт Жамсранжав, Жалханз хутагт Дамдинбазар хоёр манай Түдэвтэй сумын уугуул. Намайг сонгуульд яллаа гэж манай нутгийн залуу бэлэглэсэн юм.

-Тэгэхээр зориуд бүтээлгэж залаагүй юм байна шүү дээ?

-Манай аав Түдэвтэй сумын хүн. Мөн миний өвөөг Жамсранжав гэдэг байсан. Бэлгэдлийг нь бодоод би өрөөндөө өлгөсөн юм. Түүхийн нэг том баримт шүү дээ. Завханы хутагтуудын шилдгийн л нэг.

-Тэгвэл энэ жаазтай соёмбыг та бүтээлгэсэн үү. Их чамин хийцтэй, ховор шийдэлтэй юм байна?

-Тэгсэн. Нэг үгээр энэ соёмбоны 100 жилийн ой одоо 29-нд болох гэж байна. Манжийн дарлалаас чөлөөлөгдсөнөө тунхаглаад Богд хаан энэ соёмбыг шар туган дээр залж байсан юм билээ. Богдын түүхийн музейд энэ соёмбо байгаа. Түүнээс нь хуулбарлуулж зу­руулаад, аравнайлуулж амилуулсан юм.
Энэ бол Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн соёмбо. Бүтэн 36 жил бясалгаж байж бүтээсэн гэдэг юм билээ. Түүнийг нь VIII Богд Монголыг тусгаар улс болсныг бэлгэдэж төрийн туганд залсан.

-Тусгаар тогтнолын өдөр гээд энэ 29-нд бүх нийтээр амарна гэл үү?

-Хэдэн гишүүн хууль санаачилж, баяр тэмдэглэж байдаг боллоо. Монголын баяр хэрээс хэтэрлээ.

-Гэхдээ нэг л удаа үйлчлэх хууль биз дээ. УИХ-д суугаа хүмүүс ойлгохгүй байхад иргэд ойлгохгүй байх нь аргагүй юм?

-Сонгууль  дөхчихсөн тул сонгогчдоос санал авах гэж иргэдийн сэтгэл санаагаар тоглосон юм хийж байна. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиа санаачлаад жинхэнэ баяр болгох хэрэгтэй. Долдугаар сарын 11-нд болдог баяраа болих хэрэгтэй. Монголын жинхэнэ баяр аль нь  вэ гэдэг нь мэдэгдэхээ байлаа. 

-Парламентын гишүүн болсноосоо хойш таны санаачилсан хуулиудын хувь заяа юу болсон бэ?

-Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын долоон гишүүнтэй хамтран урт нэртэй хуулийг гаргасан. Хэрэгжилт нь удаан байхаас аргагүй. Энэ хуулийг дарахаар эсрэгцэж хэдэн гишүүн төсөл өргөн бариад дийлээгүй. Байгаль орчноо хамгаалсан хууль гаргасан гэж би үнэлдэг. Одоо л хэрэгжилт нь жигдэрч байна. Мөн Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж, их хөрөнгө, цаг хугацаа заран байж бэлтгэсэн. Харамсалтай нь зарим нэг хүний ухвар мөчид байдлаас болоод нэлээд хойшиллоо. Өнгөрсөн намаржингаа төсөв, сонгуулийн хууль хэ­лэлцлээ. Түүний хажуугаар чи­хэл­дээд яах вэ гээд хойшлуулсан. Би дэмжигдэнэ гэж найдаж байгаа. Миний араас дөрөв таван гишүүн энэ хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Би 2002 оны хуулийн 30 орчим хувьд нь өөрчлөлт хийе гэж санаачилсан. Тэр нь өрх толгойлсон эмэгтэйчүүд болон залууст маш халгаатай заалтууд байгаа юм. Ялангуяа 15-25 насныханд. Шоронд байгаа хоригдлуудын 70 орчим хувийг залуучууд эзэлж байна. Монгол Улс шоронжсон. Тиймээс үүнийг засах гэж хичээсэн. Хоёрдугаарт, төрийн мөнгийг хулгайлдаг, янз бүрийн аргаар иддэг хулгайч нартай тэмцэхийн тулд чангалсан заалт нэмж оруулсан гэхчилэн энэ хуулийг нэг бүрчлэн тайлбарлавал цаг их орно.

-Энэ тэгээд эргээд нийгэмд илүү сөрөг үр дагавар дагуулж, хүмүүжүүлэх бус хүн биш болгох талтай гэж бодогдох юм?

-200 мянган төгрөг хулгайлсан хүүхэд таван жилийн ял авч шоронд суугаад эргээд гарахдаа хулгайлсан мөнгөнөөсөө илүү хортой үр дагавар авчирч байна. Манайхан хууль нь чанга байж шоронд хүнийг хүмүүжүүлнэ гэж ойлгоод байгаа юм. Тийм биш шүү дээ. Гэхдээ социализмын үед хүнийг шоронд хийхийн төлөө шийтгэдэг байгаагүй. Бага зэрэг танхайрсан, хулгай хийсэн залуучуудыг аль болох нийгэм, хамт олонд нь хүмүүжүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр цоожлоод хаячихвал нийгэм цэвэршинэ гэж ойлгож, эндүүрээд байна.

-2002 оны Эрүүгийн хууль хатуугаараа зартай. Нийгмээрээ энэ хуульд өөрчлөлт орохыг хүлээж байна. Харин гишүүд хэрхэн хүлээж авах бол. Мөн энэ парламент амжиж батлах болов уу?

-Энэ хуулийг 13 гишүүн өргөн барьсан. Гэхдээ УИХ бас их сонин л доо. Хууль санаачлагчийг байхгүйд, эсвэл байлцуулахгүйгээр Байнгын хороогоор оруулаад унагадаг болсон. Засгийн газар УИХ-ынхаа дээр гарчихсан учраас дийлдэхгүй байна.

-Та Засгийн газрыг лоббидож дийлэхгүй байна уу?

-Би ард түмний төлөөлөл болж гарчихаад эднийг лоббидно гэж юу байх вэ. Яаж лоббидохоо ч мэдэхгүй байна. Аргыг нь мэдсэн ч, тэгмээргүй байна. Гэхдээ би энэ хуулиа батлуулна.

-Таны санаачилсэн Төрийн дээд шагналын тухай хуулийг телевизийн хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс их дэмжиж байсан. Гэтэл бас л сураггүй болчих юм?

-Одон медаль гэдэг авч байгаа хүндээ сайхан л байх. Гэхдээ хэл ам, атаархал дагуулж байна. Хамгийн сүүлд гэхэд л дуучин  Д.Болдод  Төрийн шагнал  өгсөн  биш элдэв янзаар хэлүүлж байна. Хүмүүсийг тангараг тасартал нь муудалцуулдаг эд. Ер нь одон медаль, шагнал Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу болчихсон. Ц.Элбэгдоржийг хэлж байгаа юм биш. Өмнөх Ерөнхийлөгч нар завхруулаад хаячихсан. Ажлаа өгөхөөс хоёр цагийн өмнө 100 гаруй хүнд одон өгөөд л зогсч байсан. Одоо мөрдөж байгаа шагналын хууль хүчингүй юм шүү дээ.

-Яагаад?

-Хууль нь АИХ-аар батлагдсан. Гэтэл  АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар олгогдож байсан бүх зүйл 1990 оноос хойш хүчингүй УИХ-ын тогтоолоор олгогдож байгаа ганц шагнал нь Чингис хааны одон. Гэхдээ тэрийгээ баргийн хүнд өгөхгүй байгаа юм. Улсын баатар, хөдөлмөрийн баатрыг ч замбараагүй өгч эхэллээ. Гавьяат, “Алтангадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон бол дээр үеийнхээр бол баатарчуудын тэмдэг шиг юм боллоо. Бүр зүүхээс ч ичмээр. Баяр ёслолд зүүж ирчихээд ариун цэврийн өрөөнд ороод нөгөө одонгоо тайлаад далд хийж байгаа хүнийг би харсан.

-Танд ер нь төрийн шагнал байгаа юу?

-“Нарантуул” захыг барьсан гэж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан.

-Таны хажууд байгаа хонин толгойтой арьсан хөгжим ямар учиртай юм бэ. Морин хуур ч юм шиг?

-Хөгжим хийдэг залуучууд өгсөн юм. Дээхэн үед манайхан таван хошуу малынхаа толгойг дуурайлган хөгжим хийдэг байснаа сүүлд нь морин хуур нь тунаад үлдчихсэн гэдэг. Тэр түүхийг залуус уншиж байгаад сэргээж хийгээд надад бэлэглэсэн. Энэ хонин хуурын царыг ботгоны арьсаар хийсэн. Морин хуураас өөр дуугаралттай. Хөгжим судлаачид сэргээж хийсэн юм билээ.
 
-Танд бэлэглэсэн юм уу, эсвэл худалдаж аваач гэсэн үү?

-Тэд ийм хөгжим бүтээчихлээ, та урлаг хөгжим сонирхдог хүн авч хадгалаач гэхээр нь би жаахан төлбөр төлж авсан. Энэ чинь хүний бүтээл. Тэр хүмүүсийнхээ хөдөлмөрийг зохих ёсоор нь үнэллээ.

-Парламентад сууж хууль батлах хэр уйтгартай ажил вэ?

-Уйтгарлах ч юу байх вэ, хийе гэвэл ажил их байна. Гэхдээ УИХ дотроо хэсэг бүлэг хүмүүс гар нийлэхгүй бол ганцаараа явахгүй юм байна. Би УИХ-д орохоосоо өмнө үүнийг мэддэг байсан. УИХ-ыг цэргийн ангитай зүйрлэж “Оны ялгаа” гэсэн нийтлэл бичиж байсан. Миний санаачилсан Эрүүгийн хуулийг гацааж байгаа байдлыг харахад яг тийм байдал ажиглагддаг. Нэг шинэ хүн орж ирээд юм хийе гэхээр хийлгэхгүй. Өөрсдөө болохоор бараг өдөрт нь батлаад хэрэгжүүлж ч чадна. Өөрсдийгөө туршлагатай хашир парламентач гээд цоллочихсон.  Монгол Улсын хөгжил дэвшлийг хойш татсан хүмүүс энэ дотор байгаа. Хоёр нам сонгууль бүрээр сонгогчдод үл бүтэх нөхдийг тулгадаг. Уг нь сонгогчид аль алинд нь саналаа өгөхгүйгээр буцааж болно шүү дээ. Н.Багабанди Да.Ганболдыг Ерөнхий сайдаар батлахгүй долоон удаа буцааж байсан. Уг нь ард түмэнд эрх нь бий. Хэрэв тэр эрхээ эдэлж чадвал мөн ч хүчтэй сайн сонгууль болно доо.

-Гэхдээ ард түмэн шийдэж чадах уу?

 -Намын тулгалтыг сөрөх ганц хүчин нь ард иргэд. 

-Сонгуулийн хууль батлагдлаа. Зарим нь согогтой хууль болсон л гэх юм. Хэрэгжээд эхэлчихсэн үү?

-Хууль батлагдсан ч түүнийг дагалдан олон тогтоол журам гарах ёстой. Хэрэгжилт нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Мөн Ерөнхийлөгч хянана. Дээр нь Үндсэн хуулийн цэц гэж бий. Би энэ хуулийг батлахад оролцоогүй л дээ. Түүхэнд ийм хачин хууль батлахад оролдцсон гэж үлдмээргүй байна. 

-Хэлэлцүүлгийн шатанд маш олон заалт дээр гишүүд санал нийлэхгүй байсан ч баталчихсан?

-Гишүүдэд шаанстай хууль. Би л гэхэд Завханд өрсөлдөөд ялагдах юм бол Улаанбааатарт ирж гишүүн болж болох нь л дээ. Унасан ч сонгогчдын 28 хувиас дээш санал авсан бол гишүүн болчих юм билээ. Гэхдээ нэрэнд муухай л даа.

-Тэгэхээр цоорхой ихтэй хууль гэсэн үг үү?

-Зөндөө байгаа. Цоорхойнуудыг нь бүгдээрээ л мэдэж байгаа.

-Та телевизийн “Дуусдаггүй яриа” хэлэлцүүлгийг санаачлагч. Сэдвээ яаж сонгодог вэ. Бусад гишүүдээ урьж оролцуулдаг уу?

-Санаачилсан хүн нь З.Алтай, Б.Батбаяр, Л.Гантөмөр, Ц.Сэдванчиг, О.Чулуунбат, Д.Энхбат бид нар. Бидний ярьсан олон асуудлын ихэнх нь хууль болсон байсан. Шаардлагатай бол хүн урьж оролцуулдаг.

-Удахгүй шинэ жил болно. Та шинэ жилээр энд байх уу. Томчууд гадаадад очиж тэмдэглэдэг юм билээ. Урилганд дарагддаг уу?

-Би явдаггүй ээ. Үр хүүхэд, ач нэртайгаа телевиз үзэж л өнгөрөөнө дөө. Явах бололцоо бол байна. Гэхдээ хүнээс тасарч байх хэнд хэрэгтэй юм. Би ер нь тансаглалд дургүй. УИХ-ын гишүүн болсноосоо хойш наадмаар төрийн асарт нэг ч удаа сууж үзээгүй. Төрийн олон дайллага, цайллагад ч очдоггүй. Сүүлдээ урилга ч ирэхээ больсон, амар. Их зан гаргаж байгаадаа биш, иргэдийн амьдралын түвшин доогуур байхад баярлаад зогсч байх ёс зүйд муухай санагддаг.

Л.Энхсугар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж