Хятадуудын имижээ өсгөх “аян”-д монголын чонын сүрэг нэрвэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Хятадуудын имижээ өсгөх “аян”-д монголын чонын сүрэг нэрвэгджээ

Хятадуудын хувьд энэ жилийн цагаан сарын хамгийн эрхэм бэлэг нь чонын мах байсан гэнэ. Ураг садан дундаа хамгийн өндөр настан хийгээд аав ээж, дарга даамлууддаа  арьстай нь хөлдөөсөн чонын мах өргөн барьж гэмээнэ нэр хүнд нь дээшлэх “шаанс” энэ онд тохиосноос чонын махыг Монголын хил гаалиар гаргахыг завдсан хэрэг олонтаа бүртгэгджээ. Түрүү түрүүчийнх нь үйлдэл бүтэлгүйтсээр, баригдсаар байтал наймаачид хөлдөөсөн чоно хилээр гаргах арга барилаа улам нарийсгасаар, улайран зүтгэсээр байсны цаад учир нь энэ ажээ.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн гаалийн болон мэргэжлийн хяналтын агуулахад тус бүрт нь 100 гаруй хөлдөөсөн чоно хадгалаастай байна. Хөргөөх, хөлдөөх зориулалтгүй агуулахад дээр дээрээс нь давхарлан хураасан чонын мах эхнээсээ гэсч эхэлжээ. Улаанбаатараас агаарын температурын хувьд 10-12 градусын дулаан байдаг говь нутагт хаврын урь хэдийнэ орсноос агуулахад хадгалсан чонын мах эвгүй үнэр оржээ. Ижил тэнгэртэйдээ харагдаж, илүү тэнгэртэйдээ авлагддаг гэх тэнгэрлэг амьтныг газраас хөндийрүүлэх төдий хөл бүхий хавтан дээр олон арван арьстай хөлдөөсөн чоныг овоолон хураасныг хараад жихүүцэхгүй байхын аргагүй. Бөртэ чонын удмынхан чонын сүргийг хүйс тэмтрэх их аян зарлаа юу гэлтэйн дээр агуулахад бус үхлийн архивт орсон мэт сэтгэгдэл төрж байлаа.
Хууль чангарахаар хулгайч нарын арга нарийсдаг гэдэг үнэн ажээ. Одоогоос сарын өмнө автомашиныхаа тэвшинд давхар хана барьж завсарт нь 64 хөлдөөсөн чоно гаргахыг завдсан этгээд л гэхэд хил хаах цагтай уралдан шалгалтад орсон гэнэ. Тухайн өдөр нь олон улсын гаальчдын өдөр байсныг ч алдалгүй товлосон байхыг үгүйсгэхгүй гэж Замын-Үүдийн гаалийнхан өгүүлж байсан юм. Дараагийн удаа автомашиныхаа 16 дугуйны 12-т нь тавь гаруй чонын мах  хийж хөлдөөсөн  этгээдийн хууль бус үйлдлийг Замын-Үүд дэх Мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлжээ. Хамгийн сүүлд буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр Замын-Үүдийн хилийн 0108 дугаар ангийн хариуцсан төмөр замын боомтоор Замын-Үүд-Эрээн чиглэлийн ачааны галт тэргийн машинистууд 26 зээр, зургаан чоно,100 кг малын мах  нууж  хууль  бусаар хил нэвтрүүлэхийг завдаад баригдсан байна. Ийнхүү тоочоод байвал хэн нэгэн хятад иргэний нэр төр, имижийг өсгөх их аянд монгол нөхөд нь үнэнчээр зүтгэсэн хэвээр байна. Хууль бус анчдын од нь гийж хөлдөөсөн чоноо хил гаалиар  гаргаж чадвал нэг чонын махыг багаар бодоход  3000 юаниар худалдаалдаг ажээ. Үүнийг монгол төгрөгт шилжүүлбэл 630 мянган төгрөг гэсэн үг. Харин цагаан зээрийн эрийг 60-100 мянга, эмийг 70-90 мянга, янзагыг нь 60 мянган төгрөгөөр худалдан авдаг ханш Эрээн орчимд тогтоод удаж байгаа ажээ. Чонын хэл л гэхэд дангаараа 25 мянга, элэг нь 20 мянган төгрөгийн үнэтэй. Монгол нутагтаа ч ховорт тооцогдох ан амьтдыг олноор нь хөнөөх үйлдлийг энэхүү үнэ ханш дэвэргэсээр байгаа нь бүхнээс тодорхой. Нэг бүрчлэн тоочвол уртаас урт жагсалт гарна. Хууль бус  үйлдлийг Замын-Үүдийн хил гаалийнхан илрүүлж чадалгүй хил давуулсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй ч нууц далд аргаар ангийн мах, арьс хөрс хил давсан байхыг үгүйсгэх аргагүй.
Монголын байгалийн баялгийг хил давуулан зөөх аян анх хэрэмний арьсаар эхэлж байсан түүхтэй. Түүнээс хойш бугын эвэр, чив, согооны сүүлээр үргэлжилж тэр тоолон бид авлахыг хориглосон ан амьтдаа устаж үгүй болтол нь урагш зөөсөн. Ховор нандин эмийн ургамлаа ч гадагш гаргаад дуусч байна. Урд хөршийнхөн маань ямар нэг шалтаг шалтгаан зохион амьтны гаралтай түүхий эдийн үнийг үе үехэн нэмэгдүүлдэг нь гэм биш зан.  Энэ мэт зохиомол үнийн хөөрөгдөл нь ан амьтныг байгалийнхаа жамаар нөхөн сэргэхээргүй болтол цөлмөх үндсэн шалтгаан болдогийг эрдэмтэд сануулсаар байгаа ч хүлээн авч, ажил хэрэг болгосон нь цөөн. Адаглаад л илэрсэн хэрэг зөрчлийн дагуу хийж хэрэгжүүлж буй ажил нь нэг л доголдолтой. Гааль, мэргэжлийн хяналтын байгууллагынхан хэрэг, зөрчлийг илрүүлээд хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг. Хуулийнхан хууль бус үйлдлийг нотолж тогтоон, тухайн этгээдэд хариуцлага ногдуулах хүртэл багаар бодоход хагас жил үргэлжилнэ. Энэ хугацаанд хэрэг зөрчлийн баримт нотолгоог хөдөлгөх эрх гаалийнханд үгүй. Тиймээс дүн өвлийн цагт илрүүлсэн хэргийн нотолгоо болсон хөлдөөсөн чонын мах урин дулааны улиралд “өмхийрсөн чонын мах” болон хадгалаастай байхыг үгүйсгэх аргагүй. Гааль, мэргэжлийн хяналтынхны зүгээс “Шүүх хурал болтол, үгүйдээ л хуулийнхан хариу өгтөл хөдөлгөх аргагүй. Түүний дараа махыг нь устгаж, арьсыг нь улсад тушаах байх даа”  хэмээн цөхрөнгүй өгүүлсэн нь учиртай. Хилийн цаана, Замын-Үүдээс хэдхэн алхмын цаана үнэд хүрч, ховор нандинд тооцогдож байгаа нь үнэн л юм бол тэрхүү чонын махыг агуулахад өмхийрүүлж байхаар арав таван төгрөгөөр ч бол арилжчихаж яагаад болдоггүй юм бол. Авч үлдлээ гээд ашиглаж чадахгүйгээс “хүнд ч үгүй, өөрт ч үгүй” үлдсэнээс хураасан чонын махаа зах зээлийн ханшаар нь борлуулаад улсын төсөвтөө өчүүхэн ч бол нэмэр хандив болгочихдог сэргэлэн, сиймхий шийдвэр үгүйлэгдсээр байна.
Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж