Хот төлөвлөлтийг дахин хийх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Хот төлөвлөлтийг дахин хийх хэрэгтэй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд авто машины тоо өсөхийн хэрээр түүнтэй холбоотой гэмт хэргийн гаралт өсчээ. Хоногт 160 орчим авто машины осол бүртгэгддэг байна. Ослын улмаас энэ оны төвшинд 322 иргэн амиа алдсан нь өмнөх жилийнхээс өссөн үзүүлэлт аж. Ингэхдээ орон нутгийн замд амиа алдах иргэдийн тоо 60 хувийг эзэлдэг бол 40 хувь нь бэртэж гэмтдэг. Авто машины ослын улмаас жилд дунджаар 2.5 тэрбум төгрөгийн хохирол учирдаг байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан замын цагдаа нар иргэдэд ялгавартай хандахын зэрэгцээ зам дээр зогсох үеэрээ авлига авдаг гээд ёс зүйгүй аашлах болсон тул Замын цагдаагийн газрын зүгээс хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаад хариулт өгөхийг хүслээ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг том оврын автобуснууд сүүлийн жилүүдэд том аваар хийх болсон тул өглөө үйлчилгээнд гарахаас өмнө жолоочийг эмчийн үзлэгт хамруулах шаардлага бийг ч онцлов.

Замын цагдаагийн газрын даргын тайлбараар бол Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт авто зам дээр 180 орчим замын цагдаа зохицуулалт хийдэг. Уг нь 340 орчим цагдаа гаргах ёстой ч төсөвтөө баригдаад орон тоогоо нэмж чаддаггүй.  Тиймээс хуульгүйгээр замын цагдаа өдөрт 14-15 цаг гадаа ажилладаг. Хүйтний улиралд 30 орчим хувь нь бие нь өвдөөд акт авдаг. Нийслэлийн хэмжээнд өдөр бүр авто зам түгжирдэг, түгжрэлд цаг заваа барсан жолооч бухимдаж замын цагдаад хуурай агсан тавьдаг, дээрээс нь дарга нарт загнуулдаг гээд ажиллах нөхцлийн хувьд хүндхэн байгааг дуулгалаа. Харин авлигын тухайд, баримт гаргаад өгөөч гэж хэлэхээр тэр цагдаа тэдний өдөр тэгсэн гэдэг баримтыг иргэд гаргаж өгдөггүй, үүнээс болоод шууд хариуцлага тооцох боломж байдаггүй. Гэхдээ Замын цагдаагийн газраас иргэдээс авлига болоод бусад талын мэдээлэл авахаар шууд утас ажиллуулдаг болсны зэрэгцээ Авлигатай тэмцэх газрынхантай хамтраад авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан тухай хэллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобусны жолооч нарын тухайд эмчийн үзлэгт оруулах зайлшгүй шаардлагатай. Зөвхөн жолоочоор зогсохгүй автобусыг ч үзлэгт оруулж байж өдөр тутамд гаргахгүй бол нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа эвдэрч замд түгжрэл үүсгэдэг. Нэг зам дээр тав, зургаан том оврын автобус эвдрээд зогсоход урт галт тэрэг шиг цуваа үүсч, түгжрэлийг зохицуулахад бэрхшээлтэй болгодог. Энэ нь хөдөлгөөнд оролцож буй бүх иргэнийг бухимдуулдаг. Хуулиараа том оврын автобусны жолооч энэ мэтээр замд түгжрэл үүсгэхэд торгууль нь 50 мянган төгрөг байдаг. Торгууль ногдууллаа ч түүнийг нь автобус компанийн захирлууд мөнгө гэж боддоггүй. Өдөр, шөнөгүй дуудаж авчран арга хэмжээ авдаг ч үр дүн гарахгүй байаа. Тиймээс торгуулийн системд өөрчлөлт оруулж нэмэгдүүлэх талд анхаарахгүй бол автобусаа ч, автобус жолоодох хүнээ ч шалгаж үйлчилгээнд гаргахгүй, энэ талын зөрчил буурахгүй авто замд түгжрэл үүсгэсээр байх талтайг онцоллоо.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж замын цагдаагийн орон тооны асуудал хүндхэн байгааг дуулгаад авто замын түгжрэлийг бууруулахын тулд хэд, хэдэн арга хэмжээ авах шаардлагатайг мэдэгдэв. Тухайлбал, Долоон буудал руу явдаг авто замыг дөрвөн урсгалтай болгох шаардлага бий. Харамсалтай нь, газаргүй болсноос авто замыг өргөтгөх боломжгүй байгаа. Нисэхийн чиглэлийн авто замыг дөрвөн урсгалтай болгосон ч, Туулын гүүр рүү орж ирэнгүүт хоёр урсгал болдог. Үүнээс болоод асар их түгжрэл үүсгэж байгаа. Энэ бүхнийг замын цагдаа зохицуулдаг. Ер нь яаж ч зохицууллаа бүх авто зам хэрээс хэтэрсэн ачаалалтай байдгаас тэр даруй чөлөө гаргаад зохицуулна гэдэг бэрхшээлтэй байдаг. Цаашид Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд хот төлөвлөлтөө дахин хийх. Ингэхдээ гадаадын сайн архитектор авчирч төлөвлөлтөө хийлгэхгүй бол монголчууд өөрсдөө хийх боломжгүй. Энэ хэмжээнд хүрээгүй байгаа. Тиймээс эл асуудлыг Засгийн газарт оруулах шаардлага байна гэдгээ Улаанбаатар хотын захирагчтай санал солилцох үеэрээ хэлсэн гэдгээ ч уламжиллаа. Мөн Улаанбаатар хотын авто замыг өргөтгөх, давхар зам тавих гээд шат дараалсан арга хэмжээ авсан цагт түгжрэл багасна гэж хэлж байна. Түүнчлэн ойрын хугацаанд Энх тайвны гүүрийг өргөтгөхгүй бол ачааллаа дийлэхгүй болсон гэлээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж