Аваргууд цол олгохыг дэмжихгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Аваргууд цол олгохыг дэмжихгүй байна

Монгол Улсын Тусгаар тогтнолын 100 жилийн ойн түүхт өдөр арванхоёрдугаар сарын 29-нд тохиож буй. Энэ түүхэн өдөр болох үндэсний бөхийн барилдаанаас  бөхчүүдэд цол олгох саналыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр санаачилж, УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг авсан билээ. Үүний тулд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Харин МАН-ын бүлэг, мөн УИХ-ын эрхэм гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар эсрэг байр суурьтай байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа. Өнөөдрийн УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын дотор ч мөн Тусгаар тогтнолын 100 жилийн ойн түүхт өдөр бөхчүүдэд цол олгох эсэх асуудал багтаад байгаа юм.

Тэгвэл, баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар энэ сарын 29-нд болох барилдаанаас бөхчүүдэд цол олгох тухай хэлэлцэж буй энэ үед Монголын үндэсний бөхийн холбоо болон дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нарын аваргуудын төлөөлөл болсон бөхчүүд УИХ, УИХ-ын гишүүдэд хандан энэ асуудалд сэтгэл хөдлөлөөр, улстөржүүлсэн байдлаар хандахгүй байхыг хүсч, мэдэгдэл гаргасан байна.

МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРАЛ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮДЭД ХАНДАХ НЬ

Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар энэ сарын 29-ний өдөр болох барилдаанд барилдсан бөхчүүдэд улсын цол олгох тухай сэтгэл хөдлөлөөр хөллөсөн байдалтай, улстөржүүлсэн янзтайгаар УИХ гэнэт хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагын хувьд албан ёсны байр сууриа илэрхийлсэн мэдэгдлийг УИХ, УИХ-ын эрхэм гишүүдийн сонорт хүргэж байна.
Энэ удаагийн барилдаанд цол олгох нь хэд хэдэн сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Үүнд:

  1. Олон зуун жилийн уламжлалтай, ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвийн хамгаалалтын жагсаалтанд “Эрийн гурван наадам”  гэдэг дэлхийд өөр хаана ч үгүй онцлогоороо бүртгэгдсэн эрийн гурван наадмын бүрэн бүтэн байдлыг алдагдуулан нэгийг нь салган авч бөхчүүдэд цол олгох нь уламжлалыг үл тоомсролсон, ЮНЕСКО-ийн хамгаалалтыг эвдсэн хэрэг болно.
  2. Нийт ард түмэн энэ жил 4 их ойн наадмаа өргөн дэлгэр хийж 1024 бөх барилдуулсан гэж ойлгож байхад гэнэт нэг ойг нь онцлон салгаж байгаа нь  түүхэн олон цаг үед улстөрөөс ангид байснаараа элдэв хагаралгүй явж ирсэн үндэсний бөхийг улстөржүүлэх, тэгснээрээ хуваагдалд хүргэх уршигтай юм.
  3. Улаанбаатар хотноо бөх барилдуулан цол олгохоор шийдвэл аймаг, суманд мөн бөх барилдуулан цол олгох ёстой бөгөөд аймаг, сумуудаас энэ тухай шаардаж эхлээд байна. Бөхчүүдийг хот, хөдөөгөөр нь алагчилж болохгүй.
  4. Цол олгох болвол шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой  бөгөөд үүний бэлтгэл ажил энэ хугацаанд амжих эсэх нь эргэлзээтэй.
  5. Хэлэлцэхээр шийдсэн хуулийн төсөлтэй холбогдуулан олон бөх, түүний дотор дархан аваргууд, улсын цолны босгон дээр байгаа аймгийн арслангууд  эсэргүүцэж байгаагаа манайд болон хэвлэлээр мэдэгдэж эхлээд байна. Энэ байдлаас үзэхэд олон өндөр алдар цолтой бөх уг барилдаанд барилдахаас татгалзаж магадгүй юм.

Энэ мэт олон сөрөг байдал Монгол бөхөд сайн юм авчрахгүй гэдгийг сайтар тооцон уг асуудалд нухацтай хандах, улмаар монгол бөхийг улс төржүүлэхгүй байхыг УИХ, УИХ-ын эрхэм гишүүдээс хүсч байна.

 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
2011 оны 12 дугаар сарын 23.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮДЭД ХҮРГЭХ ҮГ

Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

УИХ-аар ҮЭЧХ-ын 100 жилийн ойд зориулсан барилдаан хийж бөхчүүдэд цол олгохоор хэлэлцэж эхэлсэнд гайхаж байгаагаа юуны өмнө илэрхийлье.

Монголчууд бид жилд нэг удаа наадам хийж бөхчүүддээ цол чимэг олгосоор ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн. Энэ сайхан уламжлалыг уландаа гишгэн наадмын бус аргаар бөхчүүдэд цол олгох гэж байгаатай дархан аваргууд бид санал нийлэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Иймд бөхийг улстөржүүлж, хагаралд хүргэж магадгүй энэ асуудалд туйлын нухацтай хандана гэдэгт УИХ-ын эрхэм гишүүддээ итгэж байгаагаа  мэдэгдье.

                                                              Дархан аварга           Ж.Мөнхбат

                                                                                           Х.Баянмөнх
                                                                                                  Д.Цэрэнтогтох
                                                                                                  Б.Бат-Эрдэнэ

                                                   2011 оны 12 дугаар сарын 23.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж