http://www.facebook.com/ganbat.gongorjav:
- Уг нь Сонгуулийн ерөнхий хороог ийм машин аваараa гэсэн юм. Америкийн ES&S компанийн DS200 машин.
http://www.facebook.com/ganbat.gongorjav:
- Гэтэл СЕХ Солонгосоос ийм ердийн сканнер авахаар тогтоол
гаргачихсан байна. Солонгосын Miru Data компанийн MDS загварын сканнер.
Монгол даяараа 2012 онд автоматжуулсан системээр санал хурааж луйврын сонгуульд цэг тавина гэж хэчнээн их итгэж байлаа. Ухаантай машинд ухаантай үнэмлэхээрээ санал өгнө гэж дотроо тооцоолоод л. Ерөөсөө тэгнэ гэж УИХ-ын эрхэм гишүүд зөндөө ярьж “тархи угаасан” юм чинь. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчийг СЕХ-ныхон жинхэнэ утгаар нь үзүүллээ. Уг нь америкчууд хоёр жилийн өмнө сонгуулийг автоматжуулсан системээр явуулдаг машинаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулж байсан юм. Сонгогч саналын хуудсаа хийх явцад саналын хуудасны зургийг авч давхар баталгаажуулдаг, саналын хуудсыг доод хайрцагтаа агуулж байгаад тооллого эхлэхэд автоматаар дээш татан тоолдог боловсронгуй эд байсан. Гэтэл АНУ-ын компани тендэрт шалгарсан ч Монголын санал, болзлыг хүлээж авалгүй татгалзсан юм гэнэ. Уг нь машинаа Монголд өгөх их л сонирхолтой, үзүүлж харуулаад ирцгээгээд байсан даа. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нар ч АНУ явж үзээд боломжийн гэдгийг хэлээд байсан.
Ямар шалтгаанаар гэнэт машинаа өгөхөө больсон юм, СЕХ-ныхон тэгэхээр нь “Интерактив” компаниар дамжуулаад БНСУ-аас банкинд мөнгө тоолдог сканнер, зөөврийн компьютертай аваад ирж. Зүгээр л сонин хэвлэлийн газарт байж байдаг жирийн нэг принтер, сканнерийг захын хүүхэд хэрэглэдэг зөөврийн компьютерт холбоод дэлгэц дээр тооллогын байдлыг харуулах юм гэнэ.
Ядаж байхад сонгогчид саналын хуудсаа өнгөрсөн 90 жилийн туршид хэрэглэсэн модон хайрцаг руугаа хийх юм гэсэн. Түүнийг нь санал хурааж дууссан орой сонгуулийн хэсгийн хорооныхон гараараа гаргаж ирээд гараараа сканнер руу хийгээд мөнгө тоолдог машинаараа тоолох юм байна. Хайрцагтай хуудаснаас сканнер руу хийнгээ ханцуйнаасаа нөгөө нөөц хуудсуудаа гаргаж холиод ёстой бантан зуурна гэгч болно биз дээ. Үүнийг л больж машин хэрэглэе гээд төсөвт 24 тэрбум төгрөг суулгаж өгөөд байхад урагшгүй ноёнд ухаангүй албат гэгчээр ийм сонин зүйл авчирчихаад “Сонгуулийн хуульд хайрцгаар санал хураана гэсэн” гээд СЕХ-ны дарга нь яриад сууж байх юм. Н.Лувсанжав дарга бол Хууль зүйн сайд ч хийж явсан туршлагатай мундаг хуульч. Тийм хүн хууль ойлгоогүй гэвэл ёстой нүгэл болно. Тэгэхээр юм ойлгодоггүй хүн болж жүжиг тавьсан нь цаанаа сонгуулийг будилуулах гэсэн улс төрийн хүчний захиалга байна уу гэсэн хардлага төрүүлэхээр байгаа юм. Аягүй бол энэ сканнераар тоолохоос шударга хүнээр тоолуулсан ч дээр болж мэднэ.
Давуу тал нь хурдан тоолдог юм гэнэ. Тэгнэ л дээ. Банкны тэр их мөнгийг тоолдог машин хойно. Гэхдээ хуульд сонгогчдын саналын хуудсыг автомат машинд хийж тэндээсээ гаргалгүй автоматаар тоолно гэснээс биш хайрцагт хуудсаа хийгээд түүнийгээ асгаж байгаад сканнер руу зөөнө гэж лав тусгаагүй.
Хэрэв ингэвэл сонгогчдод ухаалаг цахим үнэмлэх өгөх ч хэрэггүй боллоо. Хайран төсвийн мөнгөний гарз. Ямар саналын модон хайрцагтаа ухаантай үнэмлэхээ уншуулна гээд зогсч байлтай биш.
Бас нэг ноцтой зүйл нь 2011 оны банкны гүйлгээ өнөөдрөөр хаагдаж байгаа юм байна. Уг нь 25-наар байх л даа. Гэтэл бямба, ням гариг таарч байгаа болохоор өнөөдрөөр хаагдаж, энэ оны төсөвт суулгасан автомат машин авах 24 тэрбум төгрөгийн хувь заяа бүрхэг боллоо. Хэрэв төсөв хаагдчихвал автомат систем авна гэдэг үлгэр болно. Эцэст нь банкны машинаар сонгуульдаж, инээдэм болохын цаана Монголын эмгэнэл нуугдаж байгааг хэлэх ёстой.
Хамгийн аюултай нь хайрцгаар санал хураагаад сканнераар тоолсны балгаар долдугаар сарын 1-ний эмгэнэл бүр том цар хүрээнд давтагдан гарах вий гэсэн айдаст хор уршигт байгаа юм. Сонгогчдын санал үнэгүйдэж, цаанаас бэлтгэсэн хуудсуудыг тоологч нар сканнерт шургуулж, намуудын хооронд үл ойлголцол үүсвэл үүний улс төрийн уршиг жинхэнэ гамшгийн хэмжээнд хүрнэ. 2008 оны долдугаар сарын 1-нд таван хүний амь үрэгдсэн байдал давтагдвал Монголын ардчиллын түүх дуусгавар болно. Ийм ноцтой үр дагавар гарах хэмжээний юм болоод байхад СЕХ-ны дарга “Хайрцгаар санал авч болно гэж хуульд тусгасан” хэмээн мэлзээд юу ч болоогүй мэт сууж байгаа нь сонгуулийн захиалгат будилааны эхлэл байх вий гэсэн айдас төрүүлэх шалтгаан болон харагдаж байна.