Д.Медведев улс төрийн өөрчлөлт хийхээ амлав

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Д.Медведев улс төрийн өөрчлөлт хийхээ амлав

Төрийн Думын сонгуулийг эсэргүүцэж, сонгогчид дахин сонгууль явуулахыг шаардсаны хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев улс төрийн шинэчлэл явуулахаа амласан байна. Д.Медведев “Өөрчлөлт хийхийг шаардаж  буй дуу хоолойг бид сонссон, тэднийг ойлгож, санал нэгтэй байна.” гэжээ. Тэрбээр мөн улс төрд байр сууриа эзлэхэд тэдгээр хүмүүст хууль ёсны дагуу боломж олгох хэрэгтэй гэжээ. Д.Медведев Кремлийн ордон дахь гэгээн Георгийн танхимд шинээр сонгогдсон парламентын гишүүдийн өмнө хэлсэн үгэндээ ОХУ-ын улс төрийн тогтолцоог шинэчлэхэд хээл хахуультэй тэмцэх арга хэмжээг боловсронгуй болгож, Холбооны Засгийн газар болон орон нутгийн удирдлагын хоорондох уялдаа холбоог сайжруулна гэж мэдэгджээ. Гэвч тэрбээр энэ сарын дөрвөнд болсон Төрийн Думын сонгууль шударга болсон гэж үзжээ. Тэрбээр Ерөнхий сайд В.Путиныг эсэргүүцэгчид нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхийг санаархаж байна гэж буруутгасан байна. Төрийн Думын сонгуульд В.Путины тэргүүлдэг “Нэгдмэл Орос” нам ялалт байгуулсан. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хэдэн арван мянган хүн Оросын томоохон хотуудад эсэргүүцэн жагссан билээ. 80,000 гаруй хүн жагссан эсэргүүцлийн ийм хөдөлгөөн сүүлийн хорин жилд Орост гараагүй билээ. В.Путины бодлогыг эсэргүүцэгчид маргааш Москва хотод жагсахаар төлөвлөж байгаа юм байна. Д.Медведев хэлсэн үгэндээ Орос оронд өөрчлөлт хийхийг нийгэм шаардаж байна гэсэн боловч сонгогчид хувьсгалыг биш, дахин сонгууль явуулахыг эрх баригчдаас хүссэн. Төрийн Думын сонгуулийг “Нэгдмэл Орос” нам луйвардсан гэж үзэж буй сонгогчид жагсаал хөдөлгөөнийг үргэлжлүүлэх төлөвтэй байгаа ч ОХУ-ын эрх баригчид ямар төлөвлөгөөтэй байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж