Үндэсний зөвлөлийн гишүүд 2012 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, гишүүдээс гарсан зарим саналыг тусган батлуулахаар тогтов. Элчин сайд С.Бадрал ирэх жил Улаанбаатар хотноо хэд хэдэн чухал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснийг онцлон, дэмжлэг хүсэв. Тухайлбал, манай тал ирэх жил ЮНЕСКО-той хамтран ардчиллын боловсролын асуудлаах олон улсын семинар, АОХН-ийн Удирдах зөвлөлийн 4 дүгээр хуралдаан, парламентын чуулга уулзалт, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар бага хурал зэрэг арга хэмжээг өөрийн орондоо хийх юм.
Манай тал АОХН-ийг даргалах үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийг тодорхойлох асуудлаар ойр хамтран ажиллах улс орнууд, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай зөвлөлдөн, мөн дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай санал солилцон ажиллаж, улмаар Вильнюсийн Сайд нарын бага хурал дээр танилцуулан дэмжлэг хүлээсэн болно.
Ардчиллын боловсролын асуудал үндсэн сэдэв байх юм. Манай улс Польштой хамтран Ардчиллын боловсролын асуудлаар Ажлын хэсэг байгуулсан бөгөөд 2012 оны 1 дүгээр сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Тэргүүлэх чиглэлийг урагшлуулах хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы үеэр НҮБ дэх Ардчилсан орнуудын бүлгийн орнуудын Сайд нарын албан бус уулзалтыг зохион байгуулж, ардчиллын боловсролын сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн үеэр АОХН-ийн хүрээнд Ардчиллын боловсролын асуудлаарх төр, засгийн тэргүүн нарын санаачилгын бүлгийн үйл ажиллагааг эхлүүлэв.
Монгол Улс НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбооны 4 дүгээр чуулга уулзалтад оролцохдоо “Ардчилал ба соёл иргэншлүүдийн нийтлэг үнэт зүйлс: Ардчиллын боловсролын үүрэг” сэдэвт хуралдааныг зохион байгуулав.
Цаашид НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ардчиллын боловсролын асуудлаар тогтоолын төсөл санаачлан оруулах, ЮНЕСКО-той хамтран олон улсын семинар, БНЭУ-тай хамтран бүс нутгийн бага хурал зохион байгуулахаар ажиллаж байна.
АОХН-ийн үйл ажиллагааг Азийн бүс нутагт бэхжүүлэх нь манай улсын тэргүүлэх чиглэлүүдийн нэг. АОХН-ийн үйл ажиллагаа өнөөг хүртэл Евро-Атлантын чиглэлд төвлөрсөн байдалтай явж ирснийг гишүүн орнууд тэмдэглэж, бүс нутгийн хамтын ажиллагаанд анхаарч ажиллах манай саналыг тууштай дэмжиж ирэв. Манай улс БНСУ-тай хамтран “Ардчиллын төлөөх Азийн түншлэл”-ийн санаачлага дэвшүүлэн ажиллаж байна. Манай улс Азийн түншүүдтэйгээ хамтран бүс нутагтаа ардчиллын үзэл санаа, үнэт зүйлсийг дээдлэн сахих нийтлэг зорилгоо төлөвшүүлэх, нэгтгэхийн төлөөх энэ ажлын хүрээнд Япон, Тайланд, Индонезитэй зөвлөлдөх уулзалтууд хийв.
Ардчиллын төлөөх Балийн форум нь бүс нутагт ардчиллыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах чухал талбар юм. 2011 оны Балийн Форумд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уригдан оролцож, Монгол Улс АОХН-ийн даргын хувьд, ардчилсан орны хувьд ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийг хүндлэн дээдэлсэн Азийн орнууд цуглан чуулдаг энэ байгууллагатай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллаж байна.
АОХН-ийг индэр төдий байгууллагаас үйл ажиллагаа явуулдаг болгон шинэчлэх амаргүй ажил, үүрэг манай улсад ногдож байна. Манай улс шинэчлэлийн хүрээнд АОХН-ийн Удирдах зөвлөлийг энэ оны 9 дүгээр сард байгуулж, анхны хуралдааныг хийв. Эдүгээ Удирдах зөвлөлд 25 орон нэгдэж орсон бөгөөд гишүүнчлэл нь бүх улс оронд нээлттэй. Мөн өнгөрсөн 11 дүгээр сард УЗ-ийн 2 дугаар хуралдааныг Вашингтон хотноо зохион байгуулж, 8 гишүүнтэй Гүйцэтгэх хороог байгуулах шийдвэр гаргав.
Манай улс дэлхийн 140 шахам орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх энэ хөдөлгөөнийг тэргүүлж байгаа нь Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайх, түүний дотор ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох тухай Гадаад бодлогын үзэл баримтлалын заалтыг хэрэгжүүлэх бодитой алхам бөгөөд улмаар үйл ажиллагаагаа амжилттай явуулах нь улс орны нэр хүнд, байр суурийг олон улсын тавцанд өргөхөд жинтэй хувь нэмэр болох юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан илгээлт ирүүлэхдээ, Монгол Улс АОХН-ийг даргалж байгаа нь Монголын ардчиллын ололт амжилтыг нотолж байна гэж онцлон тэмдэглэжээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.