“Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэрийг ямар хэлбэрээр барих вэ” хэмээн шийдвэр гаргагчид эргэлзэж байх үед манай сонин “Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулья” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлж, энэ салбарын мэргэжилтнүүд болон эрдэмтэн судлаач, иргэдийн санал, санаачилгыг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж байсан. Манайд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах эрх авсан дөрвөн компани байдаг ч ямар нэг шалтгааны улмаас үйлдвэр байгуулаагүй өдийг хүрсэн байна. Харин энэ жил төр болон хувийн хэвшлийнхэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажилд ханцуй шамлан орсон. Дархан-Уул аймагт жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх ажил гацаанд ороод байсан ч асуудлыг нь шийдэж Засгийн газраас хөрөнгийн баталгаа гаргаж өгөхөөр болсон нь хонгилын үзүүрт гэрэл асав. Үүнтэй зэрэгцээд хувийн компаниуд ч газрын тос боловруулах үйлдвэрийн шавийг тавьж эхэлсэн билээ. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудалд төрөөс онцгой анхаарал хандуулах ёстой юу, үгүй юү гэдгийг УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж стратегийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт төрөөс анхаарал хандуулах нь зүйтэй гэдэг саналыг ч гаргасан юм. Энэхүү саналыг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулсан билээ. Харин чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх магадлалтай байгаа юм. Уг тогтоолын төсөлд газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хугацааг 2015 он хүртэл гэдгийг 2017 он болгон сунгах саналыг тусгажээ. Мөн газрын тосны борлуулалтын орлогоос тусгай сан байгуулахаар тусгасан бөгөөд сангийн хөрөнгийг газрын тосны судалгаа хийх, хөндлөнгийн экспертийн үнэлгээ хийлгэх, судалгааны төв болон лаборатори байгуулах зэрэг ажилд зарцуулахаар тусгасан байна. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн өмчийн оролцоотойгоор байгуулах нь зүйтэй гэдгийг тодруулан доогуур нь зурж өгсөн байсан. Учир нь дээр хэлсэнчлэн газрын тос бол стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс стратегийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг том, жижиг гэж ялгалгүй үйл ажиллагаанд нь төр оролцох ёстой гэдгийг УИХ-ын гишүүд дуу нэгтэйгээр гараа өргөж дэмжжээ. Үүнээс гадна үйлдвэрүүдийг байгуулсны дараа олборлож буй газрын тосыг юун түрүүнд экспортлох биш дотоодын үйлдвэрүүдийн түүхий эд болгон хэрэглэх, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахуудыг байгуулах асуудлыг ч орхигдуулаагүй юм байна.
Харин энэхүү асуудалд Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан арай өөр бодлого баримтлах нь зүйтэй гэсэн саналтай байгаа аж. Тус яамныхан хоёр санал гаргасан юм. Хэрэв дотоодоосоо түүхий эдээ авах бол төрийн оролцоо байж болох ч түүхий эдээ импортлох шаардлагатай үйлдвэрүүдийн асуудалд төр оролцох хэрэггүй гэсэн байр суурийг илэрхийлсэн ч УИХ-ын гишүүд байр суурин дээрээ бат зогсож, газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн өмчийн оролцоотой байгуулахаар тогтсон. Энэхүү тогтоолын төслийг нийгэмд эерэг болон сөргөөр хүлээн авч байгаа бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганаар батлах эсэхийг нь анхаарал татаж эхэлсэн. Тухайлбал, газрын тос олборлогч аж ахуйн нэгжүүд болон газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шав тавьсан хувийн компаниуд, төрөөс санхүүжилт авахаар тохирон энэ төрлийн төсөл хэрэгжүүлж байгаа компаниудаас гадна иргэд энэхүү тогтоолын төслийг батлах уу, буцаах уу гэдгийг чих тавьж байгаа. Тогтоолын төслийг 2017 он хүртэл үргэлжлүүлэхээр баталбал газрын тосны салбар хөл дээрээ тогтох боломжтой гэсэн байр суурийг мэргэжлийн хүмүүс илэрхийлж байгаа юм.
Р.Сарангоо"Улс төрийн тойм" сонин