Өмнөговьчууд өмнө нь МАХН, АН-ынханд ээлжлэн итгэл хүлээлгэдэг байв. Тэнд бусад жижиг намын төлөөлөл дэмжлэг авч чаддаггүй. Өмнөговьд МАХН-ын нэр дэвшигчид 1992, 2000 онд, АН-ынх 1996, 2004 онд тус тус ялалт байгуулсан. Харин УИХ-ын 2008 оны сонгуульд өмнийн говийнхон хоёр намыг хоёуланг нь дэмжсэн юм. Ирэх оны сонгуулиар 47.8 мянган хүн амтай тус аймагт ганц мандат ногдсон. Гэтэл Өмнөговьд өрсөлдөх магадлалтай хоёр хүний нэр МАН-ын хоёр гишүүн байгаа нь УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор нар юм. Харин тэдний чухам хэнд нь тойргийн мандат өгөх бол. Х.Бадамсүрэн гишүүн Өмнөговь аймгийн уугуул. УИХ-ын 2008 оны сонгуульд Өмнөговь аймгийн арваннэгдүгээр тойрогт илт давуу санал аван ялалт байгуулсан. Нэгэн цагт албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр цагдаа, шүүхийн хаалга татаж байсныг нь эс тооцвол нэр цэвэр кандидат. Хэдийгээр тухайн үед шүүхээс түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон ч өрсөлдөгчид нь энэ сиймхийг ашиглах магадлал их. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгойтой холбоотой ажлын хэсгүүдийг ахалж байсан. Нутаг усандаа бол нэр хүндтэй гэх. Харин Б.Долгорын хувьд өмнө нь эндээс сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ Өмнөговь аймгийн бүх сумдыг 24 цагийн цахилгаантай болгож, эрчим хүчний “проблем”-ийг нь шийдвэрлэсэн. Гэхдээ “Ц.Элбэгдорж шүүхийн тогтолцоог гацаанд оруулж байна” хэмээн шүүмжилдэг хуульч хатагтай ирэх онд нийслэлд нэр дэвшиж магадгүй гэх яриа гарчихаад байна. Түүнчлэн “Б.Долгор Монгол Улсад цөмийн хаягдал булшлахтай холбоотой асуудлыг нэлээд дэмжиж байсан” гэх мэдээлэл тархсан нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох юм.
АН-аас “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нарын нэг нь Өмнөговийн тойрогт нэр дэвших магадлалтай. Ааваараа биш “Ажнай” компаниараа овоглосон Д.Бат-Эрдэнийн хувьд УИХ-ын 2008 оны сонгуулийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байлаа. “Тавантолгой” компанийн гол хувьцаа эзэмшигч тэрбээр моринд хорхойтой. Үүн дээрээ дөрөөлөн “Говь Шанхын хурд” нэртэй хурдан морины уралдааныг Өмнөговьд тогтмол зохион байгуулдаг болсон. Гэхдээ хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд байнга орооцолдож явдаг. Түүнийг Ц.Элбэгдоржийн хүн гэх нь ч бий. Тэрбээр ирэх сонгуульд өрсөлдөхийн тулд Өмнөговьд хөрөнгө оруулалт хийж, тэнд гэрээ бариад амьдрах нь холгүй болсон. Тиймээс Ц.Баярсайханаас илүү магадлалтай гэх. Гэхдээ Ц.Баярсайхан бол Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон хүн. УИХ-ын 1996 оны сонгуульд Ардчилсан холбоо эвслээс Өмнөговьд нэр дэвшсэн түүнд сонгогчдын 61.06 хувь нь саналаа өгсөн. “Эх орон-Ардчилал” эвслээс 2004 онд нөгөө л тойрогтоо нэр дэвшиж сонгогдсон. Тиймээс ирэх оны сонгуулиар өмнийн цэнхэр говийнхон түүнийг дахин сонгохгүй гэж аргагүй. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн дагуу хуваарилсан шинэ тогтолцоогоор “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийг намын нэрээр өрсөлдөх 28-д, харин Ц.Баярсайханыг өөрийн нэрээр өрсөлдөх 48-д багтааж магадгүй аж. Өмнөговь аймгийнхан 2008 онд болсон орон нутгийн сонгуулиар Ардчилсан намыг дэмжсэн дөрөвхөн аймгийн нэг нь болсон. Тиймээс ирэх оны УИХ-ын сонгуульд цэнхэр өнгийг сонгож ч мэдэх юм.
УИХ-ын 2008 оны сонгуульд Өмнөговь аймгаас сонгогдож Төрийн ордонд суух хүсэл, сонирхолтой хүмүүсийн дунд УИХ-ын дэд дарга асан Д.Идэвхтэн, “Сити” группын ерөнхийлөгч А.Сүхбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан С.Цэрэнбаяр, тухайн үед Өмнөговь аймгийн Засаг дарга байсан С.Эрдэнэбат нар багтаж байв. Хуучны кандидат Д.Идэвхтэн уг нь Өмнөговийнх. Тэрбээр УИХ-ын 1992 оны сонгуульд нутагтаа нэр дэвшин парламентын гишүүнээр сонгогдож байв. Гэвч 1996 онд АН-ын Ц.Баярсайханд ялагджээ. Харин 2008 оны сонгуульд нутагтаа нэр дэвших эсэхээ шийдэхийн тулд нэлээд тандалт хийж байсан гэдэг. Түүнчлэн Хэнтийн Засаг даргын орлогч байсан Б.Бадраа сонгуульд нэр дэвшихийг хичээж байсан ч 2000 онд дорвитой амжилт үзүүлээгүй түүнийг намынхан нь түүнийг дэмжээгүй билээ. Ингээд 2008 оны сонгуульд тухайн үеийн МАХН-аас Х.Бадамсүрэн, АН-аас Ц.Баярсайхан нар сонгогдон гарч ирсэн юм.
УИХ-ын 2004 оны сонгуульд АН-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор Өмнөговь аймагт нэр дэвших сонирхлоо хүчтэй илэрхийлж байв. Хэвлэл мэдээллийн хэрэглсээр ч түүнийг сонгуульд өрсөлдөх нь тодорхой боллоо хэмээн бичиж байсан. Гэвч нэр дэвших эрх авсан хүмүүсийг зарлах эцсийн мөчид Б.Долгорын оронд “Сити” группын ерөнхийлөгч А.Сүхбаатар Өмнөговийг зорих нь тодорхой болж байжээ. Гэхдээ 2004 онд Өмнөговь аймаг ардчиллынханд талтай хандсан. Тухайн үед “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар энэ тойрогт ялалт байгуулж, гарч иржээ. Морь сонирхдог Д.Бат-Эрдэнэ тэмээ сонирхдог Ц.Оюунбаатартай 28 дугаар тойрогт өрсөлдөн ялж чадсан юм. Тухайн үед МАХН-аас Өмнөговьд нэр дэвшсэн Ц.Оюунбаатар Тэмээн поло спортын холбооны тэргүүн байв.
УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН-ыхан одтой байлаа. Өмнөговь аймгийн 28, 29 дүгээр тойрогт нэр дэвшсэн тус намын хоёр гишүүн ялалт байгуулсан юм. Б.Долгор сонгогчдын 52.5 хувь, Ц.Оюунбаатар 55.2 хувийн санал авч, УИХ-д өмнөговьчуудыг төлөөлөх болов. Харин УИХ-ын 1996 оны сонгуулиар АН-ын Ц.Баярсайхан 61.1 хувийн санал авч гарч ирсэн бол 1992 оны сонгуулиар МАХН-ын Д.Идэвхтэн, Р.Цагаанхүү нар парламентад суух эрхээ олж авсан. Ямартай ч жижиг нам, бие даан нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэж байсан түүхгүй өмнийн говийнхон ирэх оны сонгуульд мөн л МАН, АН-ын аль нэгийг дэмжих бололтой.
"Улс төрийн тойм" сонин