12.29-нд амрах эсэх асуудал ”хэрүүлийн алим” болов

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

12.29-нд амрах эсэх асуудал ”хэрүүлийн алим” болов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баяр ёслол, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны уржигдрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед гарсан маргаан чуулганы танхимд үргэлжилсэн гэж хэлж болно. Н.Батбаяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин нарын 10 гаруй гишүүний санаачилсан хуулийн төсөлд жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгох талаар тусгасан. Мөн баярын өдөр бөх барилдуулж, цол олгох тухай асуудлыг ч хамтад оруулж ирсэн юм. Харин үүнийг МАН-ын бүлгийн голдуу гишүүд дэмжихгүй байгаа аж. Гэхдээ хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь “Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нийг амралтын өдөр болгон хуульчилж болно. Харин бөхчүүдэд цол олгох тухай заалтыг хэлэлцэхгүй” гэлцэж байлаа. Зарим нь “Бөх барилдуулж, цол олгох гээд байгаа юм бол сураа харвуулж, морио уралдуулах юм уу” гэж байв. Хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан гишүүдийн хувьд “Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх, бүх нийтийн амралтын өдөр болгох талаар хэлэлцэхдээ тодорхой судалгаа, шинжилгээтэй хандах нь зүйтэй” гэж байсан. Харин Н.Батбаяр гишүүн “1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил. Энэ танхимд  ийм хүн олон байх шиг байна” хэмээн уурлаж байлаа. Ийн маргалдах зуур З.Энхболд гишүүн хоёр том жаазтай зураг тэвэрч авчирсан нь Н.Батбаяр гишүүний ярьсаныг нотолсон түүхэн бичиг баримтууд аж. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүхийн талаар товч дурьдаад “Н.Батбаяр гишүүн ээ,  бусдыгаа элдвээр хэлж, дайрдгаа болих хэрэгтэй” гэв. Түүнийг үг хэлж байхад Д.Загджав гишүүн бухимдангуй хэдэн үг хэлсэн. Гэсэн ч Ц.Нямдорж сайд “Чи мэддэггүй асуудлаараа надтай маргалдаад хэрэггүй. Би түүхийн асуудал эрхэлсэн сайдын хувьд хэлж байна” гээд дуугүй болгосон юм. Ийнхүү маргалдсаны эцэст санал хураалт болж гишүүдийн олонх нь “Хэлэлцэх нь зүйтэй” гэдэг дээр санал нэгдлээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж