“Компанийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар баталсантай холбоотой Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт хувьцаат компаниуд болон биржийн гишүүн брокер, дилерийн компаниудад Монголын хөрөнгийн биржээс мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд “Компанийн ТУЗ эсвэл гүйцэтгэх удирдлага нь санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор 2012 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах ба уг хурлаар компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, дүгнэлтийг хэлэлцэхээс гадна хуульд орсон өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийвэрлэх ёстой. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд ТУЗ-ийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болно” хэмээн анхааруулсан байна. Нийт компаниуд компанийн дүрмээ Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн өөрчилж, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг ирэх оны долоодугаар сарын 1-ний дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Хэрэв хуулийн хэм хэмжээнд компанийн дүрмийг нийцүүлэн өөрчлөөгүй бол тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн дүрмийг өөрчлөхийг шаардах, энэ тухай шийдвэр гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй юм байна.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин