УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Соёлын төв өргөөнд мянган хүн цуглуулж, ажлаа тайлагнаад авав. Нийслэлийн иргэд, өрхийн эмнэлгийн эмч, ажилтнууд оролцсон энэхүү цугларалтад Эрүүл мэндийн яамны удирдлагууд, үндэсний хэмжээний зарим төвийн дарга нар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцжээ. Энэ үеэр С.Ламбаа сайд 2008-2011 оны ажлаа тайлагнаж, батлуулсан болон өргөн барьсан хуулиудаа тайлбарлаад ирэх оны төсвийн талаар танилцуулсан байна. “Иргэн ба Эрүүл мэнд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр 20 гаруй иргэн асуулт тавьж, салбарын сайдаас хариулт авсан бөгөөд сонгууль эхлэхийн өмнөхөн салбарынхаа ажлыг тайлагнаад авсан С.Ламбаа сайдын самбааг гайхаж байсан юм. Мөн өнгөрсөн намар эмч, эмнэлгийн алба хаагчдийн ажилтай холбоотой хүндрэл бэрхшээл, жаргал зовлонг харуулсан “Өдөр өдрийн наран” олон ангит киног Монголчуудын хүртээл болгоход С.Ламбаа сайд тэргүүтэй ЭМЯ-ны хамт олон томоохон хувь нэмэр оруулж ажилласан юм. Ингээд харахаар С.Ламбаа сайд ч аргагүй л сэргэлэн хүн юм даа. Улс төр түүнийг ингэж хөгжүүлэв үү. С.Ламбаа сайд өөрөө Монголын улс төрийг хөгжүүлэх учиртай бил үү.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин