”Сонгуулийн тухай хуулийг хэрэгжинэ гэдэгт итгэхгүй байна”

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

”Сонгуулийн тухай хуулийг хэрэгжинэ гэдэгт итгэхгүй байна”

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Сонгуулийн тухай хуу­лийг мажоритари буюу 48, пропорциональ 28 гэх холимог тогтолцоогоор ба­тал­сан нь “76 бус 48 хүний дунд сонгуулийг явуулах гээд байна” хэмээх шүүмж­лэлийг дагуулж байгаа. Та энэ шүүмжлэлийг хүлээн зөв­шөөрөх үү?

-УИХ нэгэнт хуулиа баталсан учир хэрэгжих байх. Харин парламентад суудалгүй зарим нам Сонгуулийн тухай хуулиар Үндсэн хуулийн Цэцэд хандах юм шиг байна. Миний хувьд Сонгуулийн тухай хуулийг сайн хууль болсон гэж бодохгүй байгаа.

-Яагаад?

-Минийхээр Монгол Улс нэг тойрог болж, 76 нэр дэв­шигчийг сонгох зарчмыг хам­гийн зөв гэж боддог. Уг нь Д.Лүндээжанцан нарын гишүүн энэ хуулийн төслийг өргөн барьсан боловч дэм­жээгүй. Ер нь бол хамгийн сонгодог хувилбар нь энэ шүү дээ. Монгол Улс нэг тойрог болоод сонгуульд оролцоно гэхээр айдаг хүмүүс УИХ-ын гишүүд дотор бий. Тиймээс л үүнийг дэмжихгүй байгаа хэрэг. Сонгуулийн шинэ хуулиар сонгууль явуулбал 2008 оны долоодугаар сарын 1 шиг үймээн болж магадгүй юм.

-Танай тойрог болох Завхан аймгийн мандатын тоо хоёр болж байгаа биз дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Балдан-Очир та гурвын хэн нь тойроггүй хоцрох бол?

-Намаас нэр дэвшүүлэхдээ тойрогтоо хийсэн ажил болон судалгааны дүнг үзэх болов уу. Түүнээс биш хооронд нь тэмцэлдүүлж, хэрэлдүүлж бай­гаад хоёр хүнийг нь сонгоно гэсэн юм байхгүй. Чухам хэнийг нь нэр дэвшүүлэх вэ гэдгийг бид гурав шийдэхгүй.

-Нөгөө хоёр гишүүний нэр хүнд Завханд хэр байгаа талаар та тандаж үзсэн үү?

-Би энэ талаар судалж үзээгүй. Өмнө хэлсэнчлэн хэн нэр дэвшихийг нам шийднэ. Харин улстөрчдөөс асуувал эхлээд өөрийгөө л рейтинг өндөртэй байгаа гэж хэлэх нь тодорхой. Хэрэв намаас “Чиний нэр хүнд муу байна. Нэр дэвших хэрэггүй” гэвэл тэр л биз.

-Гэхдээ таныг “Завханд нэр дэвшүүлэхгүй” гэвэл үгэнд нь ороод нэр дэвшихгүй байж чадна гэж үү?

-Улаанбаатар хотод тойрог өгч болно шүү дээ. Гэхдээ одоо энэ талаар ярих цаг нь биш л дээ. Намууд далд хэлбэрээр судалгаа явуулдаг. Манай нам ийм судалгаа явуулж байгаа юм шиг байна лээ.

-Сонгуулийн шинэ хуулиар УИХ-ын гишүүд бэлэн мөнгө болон эд материал тараавал эрүүгийн хариуцлага хүлээхээр тусгасан. Ингэснээр сонгуулийг үнэхээр тунгалаг явуулж чадах болов уу?

-Монгол бол хуулийг хэрэгжүүлдэггүй орон. Нэр дэвшигчид нь хуулийн цоорхойг ашиглаад иргэдэд юм өгч л таарна. Үүнийг нь иргэд авч л таарна. Бид өмнө нь Сонгуулийн тухай хуульгүй биш хуультай л байсан. Гэсэн хэдий ч хуулиа зөрчих тохиолдол гардаг. Иймээс би Сонгуулийн тухай хуулийг хэрэгжинэ гэдэгт нэг их найдахгүй байна.

-Тэгэхээр та мөнгө, эд материал тарааж, хуулиа зөрчинө гээд байгаа хэрэг үү?

-Хуулиа зөрчинө гэж байгаа юм биш. Хууль биелүүлдэггүй хүмүүс байгаа тухай л ярьж байна. Жишээлбэл манай улсад дүрмийнхээ дагуу замын хөдөлгөөнд оролцсон жолооч нар осолд орчих гээд байдаг болж. Үүнтэй яг адилхан юм. Сонгуулийн хуулиа биелүүлэх ёс зүйгүй хүмүүс парламентад олон бий.

-“Айхгүй ч гэсэн аягүй” гэгчээр мөнгөө нууцаар л тараах байх даа?

-Далд байтугай ил байдлаар ч мөнгө тараах байх. Тэгээд хариуцлага хүлээлгэх тухай ярихаар хэрүүл хийж, ардчилал, эрх чөлөө, хүний эрх ярих биз. Ингэж мэдэх  л хүмүүс.

-Далд, ил ч бай хууль зөрчсөнийг нь хэвлэлийнхэн олон нийтэд мэдээлэхээр хариуцлагаа хүлээхгүй гээд яах вэ дээ. Гурван жил дуншиж байж Сонгуулийн хуулиа шинэчилчихээд өөрсдөө хэрэгжүүлэхгүй байх нь дэндүү ёс суртахуунгүй үйлдэл болох биш үү?

-Хүлээхгүй ээ. Эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний олон хэрэг байхад хэн ч хариуцлага хүлээхгүй байгааг харж байна уу. Ийм байхад “Сонгуулийн тухай хуулийг биелүүлэхгүй байсан ч яадаг юм” гэх бодолтой хүн байгаа нь тодорхой.

-Тэгвэл таны хэлдгээр Сонгуулийн тухай хууль бол зөвхөн өнгөн тал нь гэж ойлгож болох нь. Тийм үү?

-Хуулиа баталсан гэдгийг л харуулж байгаа юм. Тиймээс Сонгуулийн тухай хуулиас айгаад сүйд болохгүй байх. Чуулганы нэгдсэн хуралдаанаар сая хэлэлцсэн /өчигдөр/ Нийтээр тэмдэглэх баяр ёслол, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр хэрхэн сонгуулийн шоу хийж байгааг харав уу. Ардчилсан намынхан Ардын намынхныг юм асуухаар эсэргүүцээд байгаа юм шиг байдал руу оруулсан. Би хуулийн төсөл санаачлагчдаас “Арванхоёрдугаар сарын 29-нийг тэмдэглэвэл манай улсын хэд дэх тэмдэглэлт баяр болох вэ” гэж асуухад С.Баярцогт сүүлд нь “Зургаа дахь нь болно” гэж хариулсан. Мөн арванхоёрдугаар сарын 29-нийг мэдэхгүй хэн байдаг юм бэ. Ганцхан Ардчилсан намынхан л мэдээд байгаа юм биш шүү. Ер нь гишүүд өөрсдөдөө зориулж хууль баталдаг юм шиг ярьдаг байхгүй юу. Харин би телевиз үзэж байгаа иргэддээ зориулж хэлдэг. Бидний яриаг бүгд үзэж байгаа учир тодорхой ойлгомжтой хэлэх ёстой. З.Энхболд гишүүн Ерөнхийлөгчийн зарлигийг оруулж ирж уншсан. Чухам үүнийг хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлаж, хэлэх хэрэгтэй юм. З.Энхболд гишүүний саналын дагуу Тусгаар тогтнолын баяр болох арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нийтээр амардгаа болиулаад арванхоёрдугаар сарын 29-нд амардаг болох хэрэгтэй. Үүнийг дэмжиж байна. 

-УИХ-ын гишүүн Н.Батбаяр танд хандаж “Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчинтай адил” гэж хэлээд байсан уу?

-Надад хандаж хэлээгүй болов уу. Бүгдийг нь түүх мэдэхгүй юм шигээр яриад байсан. Н.Батбаяр ганцаараа түүхээ мэддэг юм биш. Түүхээ тэгж их мэддэг юм бол Богд хааны тухай кино хийх гэж яваа н.Цогтбаатар гэдэг найруулагчид төсвөөс мөнгө гаргаад өгчих хэрэгтэй. Ардчилсан намынхан “Ардын намынхныг эсэргүүцэж байна” гэж ойлгоод байх шиг байна лээ.

-Гэхдээ байнгын хороон дээр танай намын гишүүд эсэргүүцэж байсан шүү дээ?

-Бид бүлгийн хуралдаанаар энэ талаар яриагүй. Яриад байх зүйлгүй. Уг нь хуулийн төслийг хэдэн шоучид өргөн барьсны оронд Ерөнхийлөгч зарлиг гаргах ёстой юм.

-Ардын нам Ёс зүйн дүрэмдээ өөрчлөлт оруулж, ёс зүйгүй гишүүддээ хатуухан хариуцлага тооцохоор болсон. Таны хувьд үүнийг зөв гэж бодож байгаа юу?

-Ингэж хариуцлага тооцох ёстой. Маш зөв. Гэхдээ чухам юуг ёс зүйгүй гэж үзэх юм гэдгийг бодох учиртай.

-Танай нам 20 жилийн бодлогоо тодорхойлохоор ажиллана гэсэн. Та ирэх 20 жилийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Ирэх 20 жилийн бодлогоо гаргана гэдэг дэндүү хол болов уу. Учир нь үр дүнг нь үзэж чадахгүй хүмүүс байна шүү дээ. Харин дөрөв юм уу таван жилийн хөтөлбөрөө боловсруулаад хэрэгжүүлэх ёстой.

-Х.Баттулга сайд архи, тамхи үйлдвэрлэдэг хүмүүсийг парламентад оруулахгүй тухай хуулийн төсөл санаачилж байсан. Үүнтэй адил “Улс төрд бизнес эрхлэгчид хэтэрхий их орох боллоо” гэх шүүмжлэлийг та хүлээж авдаг уу?

-Бизнесмэнүүд их орвол парламент биш болно. Ийм дүр зураг ч харагдаж байгаа. Х.Баттулгын дэвшүүлсэн зорилт уг нь зөв байсан. Барууны орнууд ийм жишгийг хэрэгжүүлсэн байдаг.

-УИХ-ын гишүүдээс бизнес эрхэлдэггүй нь ховор биз дээ?

-Бүгдээрээ бизнес эрхэлдэг. Би үүнийг баталгаатай хэлж чадна. Ардаа бизнесгүй гишүүн нэг ч байхгүй. Тэгээд л энэ хүмүүс парламентад сууж байгаа юм. Одоо нуугаад яадаг юм. Мөн бизнес эрхлэгчдийг улстөрчид дарамталж, зовоосны гай энэ байхгүй юу.  

-Та ч бас ингэж бодож УИХ-д орохоор шийдсэн үү?

-Миний хувьд шинээр бизнес эрхлэх бодолгүйгээр УИХ-д орсон. Нэг үгээр хэлбэл юм үзэж, нүд тайлж, шуналын хязгаар гэж юу байдгийг мэдсэнийхээ дараа УИХ-д орохоор шийдсэн гэсэн үг. Сонгогдчихоод Завхан нутгаа хөгжүүлье. Мөн бизнес эрхлэгчдийг дарамталдаг, авлигыг болиулахыг зорьсон. Над шиг 49 насандаа парламентад орсон хүн энэ УИХ-д байхгүй. Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан нар залуу байхаасаа л улс төрд байсан. Өөрийгөө анх улс төрд оройтож орлоо гэж бодож байлаа. Харин УИХ-д орчихоод оройтоогүй юм байна гэдгийг мэдэрсэн.

-Та УИХ-д ороод зорилгоо биелүүлэв үү?

-Ганцаараа тэмцээд амжилтад хүрэхгүй нь. Маш их бэрхшээл, томоохон хүрээлэл байдаг юм байна. Тиймээс өөр зохион байгуулалтаар тэмцэх шаардлагатай гэж бодсон.

-Жишээ нь ямар зохион байгуулалтаар гэж?

-Түүнийг одоо ярих шаардлагагүй биз ээ. Мөн ирэх сонгуулийн үеэр сонгогчид урьдынхаасаа өөрөөр санал өгөх хэрэгтэй. Сонгогчдод бас дутагдал бий. Хэрэв сонгох хүн байхгүй бол сонгуульдаа оролцохгүй байж болно.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын хийж байгаа үйлдэл бүхэн буруу гэж үзэх хүн байдаг. Нөгөөтэйгүүр дэмжиж байгаа хүмүүс ч бий. Харин таны хувьд?

-“Тос дотроосоо өтвөл аюултай” гэдэг. Үүнтэй л адилхан зүйл болоод байх юм. Ер нь аль ч орны парламентын гишүүд нэг, нэгийгээ идсэн, уусан гэж ярьдаггүй. Харин олонд нэр хүндтэй байгаа дээрээ албан тушаалаасаа огцордог. Хэвлэлийн мэдээллийг харахад ямар ч мөрдөн байцаалт явуулахгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхэд бэлэн болчихсон материалууд гараад байна. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгавал бүгдээрээ эрүүгийн хариуцлага хүлээхээр л байгаа юм.

-Хууль хяналтын байгууллага нь удирдлагаа итгэлтэйгээр шалгаж чадна гэж үү. Та үүнд итгэж байна уу?

-Тийм дээ. Эрээ цээрээ алдчихаж. Ингэж нэгийгээ муулж байснаа сонгууль ойртох тусам магтахыг үгүйсгэхгүй. Зөвшилцөл, эвлэрэл гэсэн нэрийн дор хамтраад ажиллаж ч мэднэ.

-Н.Энхбаяраас парламентад орчих вий гэдгээс Ардын намын хууччууд айгаад байгаа юм биш үү?

-Хэвлэлээр гараад байгаа Н.Энхбаярын хууль зөрчсөн гэх мэдээлэл худал бол сонгуульд өрсөлдөж, УИХ-ын гишүүн болох эсэх нь түүний асуудал.

-Ярилцсанд баярлалаа. 

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж