Төмрийн хүдэр боловруулах үйлдвэр байгуулахыг санал болгожээ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Төмрийн хүдэр боловруулах үйлдвэр байгуулахыг санал болгожээ

Монгол-Хятадын  Эрдэс баялаг, эрчим хүчний хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр Чингис зочид буудалд болсон байна. Хуралдаанд оролцсон хятадын төлөөлөгч нарт монголын талаас нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр болон эрчим хүч, газрын тосны салбарт хамтран ажиллахыг санал болгосон байна.  Ойрын хугацаанд төмрийн хүдрийг боловсруулах, баяжуулах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төмрийн хүдэр боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулах саналыг хятадууд анхааралдаа авч буйгаа илэрхийлжээ. Мөн  түлш эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж эрчим хүч экспортлох чадамж бүхий салбарыг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байгаагаа урд хөршийнхөнд танилцуулсан байна. Түүнчлэн Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох тоо хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ ч илэрхийлсэн байна.  
Уулзалтад Монголын талаас Эрдэс баялаг эрчим хүчний яам, харьяа агентлаг, Сангийн яам, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны удирдлага, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл нийлсэн 60 гаруй төлөөлөгч оролцсон байна. Харин хятадын талаас БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцян тэргүүтэй ГХЯ, Төмөр замын яам, Худалдааны яам, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт, импортын банкны удирдлага нийт 30 гаруй төлөөлөгчид оролцжээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж