Цахим худалдааг хөгжүүлэх эхлэл тавигдав

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Цахим худалдааг хөгжүүлэх эхлэл тавигдав

“Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн хүрээнд
хийсэн цахим худалдан авах ажиллагааны системийн нээлт өчигдөр боллоо.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, Сангийн яам,
олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй
төслийн хүрээнд дээрх системийг нэвтрүүлснээр тендерт оролцогч талууд
холбогдох мэдээлэлтэй цахим сүлжээ ашиглан үнэ төлбөргүй танилцах боломж
бүрдэж байгаа юм.

Мөн олон төрлийн бичиг цаас бэлтгэх, төрийн байгууллагаас тодорхойлолт
авах шаардлагагүй боллоо. Зөвхөн оролцогч тал гэлтгүй сонирхогч иргэд,
аж ахуйн нэгж, байгууллагууд хүссэн тендерийнхээ нээлтийг цахим
сүлжээгээр үзэж, хэчнээн компани оролцож, ямар үнийн санал ирүүлснийг
мэдэх боломж бүрджээ.

Уг систем цахим дэлгүүр, цахим тендер гэсэн үндсэн хэсэгтэй. Цахим
дэлгүүр нь төсвийн байгууллагын өдөр тутмын бараа, бүтээгдэхүүний
хэрэглээг хянах, худалдан авах ажиллагааг хялбаршуулахад туслах төдийгүй
бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгч нарт томоохон боломжийг бий болгосноороо
онцлогтой. Өмнө нь тендер шалгаруулалтад оролцож өөрийн борлуулах
бараа, бүтээгдэхүүнийг төрийн байгууллагад нийлүүлж чаддаггүй байсан аж
ахуйн нэгж, үйлдвэрлэгч нар цахим дэлгүүртэй харилцсанаар эл бэрхшээлээс
ангижрах аж.

Түүнчлэн худалдан авах ажиллагааны нэгдсэн системийг Татварын ерөнхий
газрын татвар төлөгчдийн мэдээлэл, Монголбанкны валютын ханш, арилжааны
банкны төлбөрийн картын сүлжээ, тендерийн баталгааны мэдээллийн сантай
холбосноор тендер шалгаруулалтын үнэлгээг хялбаршуулж өгчээ.

Цахим худалдан авах ажиллагааны систем ийнхүү ашиглалтад орсноор тендерт
оролцогчийн зүгээс худалдан авах ажиллагаанд оролцох зардлыг бууруулах,
цаг хугацаа хэмнэх, олон нийтийн зүгээс тавих хяналтыг сайжруулах зэрэг
олон талын ач холбогдолтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж