Өсвөрийн олимпийн тамирчдыг үдэн гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Өсвөрийн олимпийн тамирчдыг үдэн гаргалаа

Австрийн Иннсбрук хотноо 2012 оны нэгдүгээр сарын 13-22-нд залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам болно. Энэхүү олимпийн наадамд Монгол Улсаас цанын төрөлд Д.Өсөхбаяр, тэшүүрийн төрөлд А.Энх-Ариун нар эрхээ авч оролцохоор болсон билээ. Өнөөдөр тус наадамд оролцох Монголын багийг үдэн гаргах ёслолын ажиллагаа болж, уг үйл ажиллагаанд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монгол улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өсвөрийн шилдэг тамирчдад Инсбрукийн нээлтийн ажиллагаанд мандуулах төрийн алтан соёмбот далбааг гардуулахдаа Сингапурын анхдугаар зуны олимпийн наадамд оролцсон залуусынхаа амжилтыг дурдаж, тэдний амжилтыг цас, мөсөн замд үргэлжлүүлэхийг хүссэн юм.

Тэртээ 48 жилийн өмнө Монгол Улс анх удаа олимпод оролцохдоо Инсбрукийн цас, мөсөн замд мөрөө татуулж байсан билээ.

Төв аймгийн Борнуур сумын харьяат Д.Өсөхбаяр нь спортын дэд мастер цолтой, сумынхаа сургуулийн 11-р ангид сурдаг, тав дахь жилдээ цанын спортоор хичээллэж байгаа юм. Түүний багш спортын мастер Д.Ичинхорлоо тус сумын сургуулийн биеийн тамирын багш бөгөөд аймгийн цанын шигшээ багийн дасгалжуулагчийн албыг давхар хашдаг билээ. 2010 оны улсын хошой аварга тэрбээр олимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн жил Эстонид болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авчээ.

15 настай А.Энх-Ариун нь нийслэлийн арван жилийн нэгдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч.  Гавьяат тамирчин Л.Цэнд, Г.Болд, Д.Энхбаяр нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Канад, Герман, Норвегид болсон цуврал тэмцээнд хурд сорьсоор Австри улс руу зорих эрхийн бичгээ өвөртөлжээ.
Австрийн Инсбрук хотноо болох өвлийн олимпийн анхдугаар наадамд 60 гаруй улсын 1050 тамирчин 15 спортын төрөлд 63 багц медалийн төлөө тэмцэлдэнэ. Инсбрук хот өмнө нь 1964, 1976 онд өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан туршлагатай хот билээ.

Эх сурвалж: www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж