Монгол Улс авлигын индексээр арагш ухарчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Монгол Улс авлигын индексээр арагш ухарчээ

Өнгөрч буй жил Монголчууд бидний хувьд авлигаараа их л арвин байж дэлхийд тэргүүлэгч орны байр сууриа улам ихээр баталгаажуулж чадлаа. Жил бүр “Транспэрэнси Интернэшнл” төрийн бус байгууллага дэлхийн улсуудын авлигын индексийг тодорхойлон тайлангаа гаргадаг билээ. Энэхүү индексийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг 13 эх сурвалжаас гаргасан судалгаанд үндэслэн тодорхойлдог юм байна. Манай улсын тухайд өмнөх жилийн байр болох116-аас дөрвөн байраар ухарч 120-д орж, авлигын индексэрээрээ 2,7 руу бууж Монголыг дэлхийд гутамшиг болголоо.

Энэхүү индексийг 0-10 гэсэн оноогоор дүгнэдэг бөгөөд 0 руу дөхөх тусам авлигад хэт идэгдсэн. 10 руу дөхөх тусам авлигаас ангид хэмээн дүгнэдэг юм байна. Хүн төрөлхтний төлөөллийн байгууллага болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ)-ын гаргасан “Авлигалын Эсрэг Конвенц”-д авлигал гэдэг нь эрүүгийн гэмт хэрэг гэж заасан бөгөөд түүнчлэн нийт хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг. Авлига гэгчийг олон улсын байгууллагаас тодорхойлохдоо улс төр, эдийн засаг, нийгэм болон оюуны бүх салбарыг бүхэлд нь устгадаг “нийгмийн хорт хавдар” гэдэг.

Өнөөдөр Монгол орон авлигалын индексээр тэргүүний эгнээнд бичигдэж байгаа нь Монгол оронд, монголын ард түмний эсрэг эрүүгийн гэмт хэрэг болох авлигал газар авсныг тодорхойлж авлигал хэрхэн цэцэглэн хөгжиж, хүрээгээ тэлснийг харуулж байна. Авлигачид Монголын нэр хүндийг нийт хүн төрөлхтний тавцан дээр нугачин дарж, шалбаагт унагааж байна. Энэ нь Монгол үндэстний хувьд гутамшигтай, шившигтэй зүйл бөгөөд бид дотроо бугшсан гэмт хэрэгтнүүдийг өөрөө өөрсдөө цэвэрлэн, зайлуулах хэрэгтэй болж байгаа юм.

Манай урд хөрш болох Хятад улс 2010 оны 10 том авлигачаа нийтэд зарласан байдаг бөгөөд Синьхуа агентлагаас “2010 онд Хятад улсад төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж хууль зөрчин, шунахайн сэдэлтээр улсын мөнгө идэж шамшигдуулсан, албан тушаалын томилгоо, бусдын бизнесийн ашиг сонирхлыг дэмжиж тогтоол шийдвэр гарган их хэмжээний хээл хахууль авсан, онц ноцтой гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагааг дэмжиж, хамгаалсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхээр таслан шийдвэрлэгдсэн байдаг.

Үүнээс дурьдвал Зүүн өмнөд Хятадын Аньхуй мужийн Бан бу хотын орлогч дарга асан Сү Шэ Синь, Гуандон мужийн Цагдаагийн газрын дарга асан Е Гуан Янь, Ганьсу мужийн Түлш, эрчим хүчний компаний ерөнхий захирал Ли Рэнь Жи, Нань Чан хотын дарга Лю Зен Гуо, Зүүн хойд Хятадын Зилин мужийн Ардын төлөөлөгчдийн байнгийн хорооны орлогч дарга асан Ми Фень Чүнь, Хэбэй мужийн Ланфан хотын Ардын шүүх хорооны орлогч дарга асан Хуан Сун Юг, Гуандон мужийн улс төрийн зөвлөлийн дарга асан Чень Шао Жи, Жөзян мужийн намын хорооны дарга Ван Хуа Юань, Хятадын эдийн засгийн гэмт хэргийг тагнах албаны дарга Чэнь Шаодунь, Чунцин хотын прокурорын газрын дарга Вэнь Чан нарын улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг бүх насаар нь хорих болон цаазаар авах ял оноосон байна.

Тэгвэл авлигачдаараа дэлхийд тэргүүлэх манай улс оны шилдэг авлигачидаа хэзээ тодруулан зарлах бол. Хэн тодруулж чадах бол АТГ-уу, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үү, аль эсвэл монголын төр, засаг уу. Авлигачидаар дүүрэн орон болсон гэдэг нэгэнт тодорхой болсон болохоор ямар ч гэсэн оны шилдэг авлигачид тодрох нь дамжиггүй биз ээ.

А.Ганбаатар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж