Газрын тосны бодлогыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Газрын тосны бодлогыг хэлэлцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2017 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаад завсарлалаа.

Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжлэх бөгөөд түүгээр дээрх асуудлаар гишүүдээс санал хураалгаж тогтоолыг батлах юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн П.Алтангэрэл газрын тосны үйлдвэр байгуулах талд Монгол Улсын Засгийн газар хоёр өөр улсын Засгийн газар шиг ажиллаж байна гэв. Нэг болохоор Хятад улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх гээд байгаа юм шиг эс бөгөөс Монгол Улсын Засгийн газар ч юм шиг. Яахаараа үндэсний компани бүх эрсдлээ даагаад газрын тосны үйлдвэр байгуулъя гэхээр дэмждэггүй юм бэ, чадахгүй гэх хариултыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос асуудлыг хэлэлцэх бүрийд сонсдош. Хэдий болтол Монгол Улс гаднаас нефтийн бүтээгдэхүүнээр хараат явах юм. Гадны тэр компаниуд чинь үйлдвэр байгуулахад түүхий нефтээ гадаадаас оруулж ирнэ гэж байна. Энэ чинь ялгаагүй нефтийн бүтээгдэхүүнийг гаднаас импортолдогтой ижил хараат байдалд оруулна. Түүний оронд үндэсний үйлдвэртээ боловсруулах үйлдвэр байгуулах эрхийг нь өгөөд, тэд газрын тосны нөөцтэй газраа түшиглээд түүнийгээ байгуулчихад юу нь болохгүй байгаа юм бэ гэв.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хариултаар бол үндэсний компаниудын чадавхи хүрэлцэхгүй. Үйлдвэр байгуулах эрх өглөө ч үйлдвэрээ барьж байгуулсныхаа дараа цаашид ажиллуулж чадахгүй. Тийм учраас зайлшгүй төрийн тодорхой хэмжээний оролцоо байж, энэ асуудал шийдэгдэнэ гэсэн хариулт өгсөн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж