Ардчилсан Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй байгаад нь уурссан орнууд хориг арга хэмжээ авсан тэр цагаас хойш багагүй л хугацаа өнгөрлөө. Энэ хооронд гурван хүүхэд тутмын нэг нь өлбөрч, хүн амын дундаж наслалт нь 10 жилээр буурсан гэсэн аймаар тоо байдаг юм. Гэвч өлсөж үхсэн ч удирдагчдаа чин сэтгэлээсээ хайртайдаа уйлж зовж байна, мөн үү. Тэгж ойлгож болох уу. Үгүй байх аа. Энэ бол Хөдөлмөрийн намын зүгээс хийж байгаа ажил биз. Уйлж гашуудахгүй бол үр удмаар нь гэсгээн цээрлүүлэх вий гэхээс айсан ард түмэн аргаа барж байна.
Үүнийг дэлхий нийтээрээ харлаа. Үзлээ. Бүхэл бүтэн улсыг хэрхэн дарангуйлж ард түмнээр яаж тоглож болдгийн тод жишээ энэ байна. Гэвч бид ийм үйл явдлаас тийм хол билүү. Ингэж хуурамчаар уйлж гашуудаж байсныг мэдэх бүхэл бүтэн нэг үе бидний дунд амьдарч байгаа. Одоо 50-аас дээш насныхан бараг бүгдээрээ хэлээд өгнө дөө. Маршал, өрлөг эцэг Х.Чойбалсанг нас барахад хэрхэн гашуудсаныг тэд ээж ааваасаа сонссон л байдаг. Л.Брежнев, Ю.Андропов нас барахад уйлж байсан хөгшчүүлээ маний үеийнхэн мэдэх л газар. Хэн нэгнийг магтан дуулж зохиомлоор баатар болгоод бурхан мэт тахиулж үхэхэд нь сэтгэлдээ инээх атлаа уралдан уйлж гашууддагийг монголчууд мэднэ. Харин сүүлийн 10 гаруй жил энэ хэв хаяг жаахан өөрчлөгдсөн л дөө. Тухайлбал, яг одоо Монголд хэн нэгнийг өрсөн магтаж, бусдаас түрүүлэн шилдэг мундагаар шалгаруулан гайхуулах уралдаан болж байгаа. Харин Хойд Солонгост гашуудан уйлах “тэмцээн” ид дундаа өрнөж байна. Н.Энхбаярыг дарангуйлагч байхад уралдан долигонож, үхэлдэн зусардаж байсныг сана. Ердөө дөрөвхөн жилийн урдах он тоололд хамаарна. Харин 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж гудамжинд гармагц нь өрсөлдөн урваж, өөд уруугүй нулимаж эхэлснийг бод. Ердөө л сүүлийн ганцхан жилээс нааш тоолно. Хэрвээ уншиж амжсан бол Жорж Орувэлийн “1984” номын үйл явдлууд нүдний өмнө амилах вий. Өдгөө Ардын намын дарга С.Батболдыг магтаж өмгөөлөлд нь багтчих санаатай өрсөлдөн тэмцэлдэж байна. Бүр орондоо орох завгүй олзлолдон булаалдаж буй. Гэвч энэ цаг хугацаа хэдий хэр үргэлжлэхийг бүү мэд. “Нэг л өдөр эзэн албаа өгч гудамжинд гарахад нохой байтугай хүн урдаг” гэдгийг бид даанч мэдэх болжээ. Угаадсыг нь ууж, ивээлд нь багтаж явсан эзнээ сайн “урсан” генсек нохой хэрхэн өөдөлж байгааг харж л сууна. Нохой нохойныхоо амьдралаар амьдарч болдоггүй ийм цаг үед солонгосчуудыг харахаар инээд хүрээд байх юм. Хүн байтугай нохой инээнэ гэдэг нь л энэ юм байлгүй. Муу ёр байгаа даа.
Бүгдээрээ нэг санаатай, нэг үзэл бодолтой, нэг хэв маягтай бас бүгдээрээ нэг хүнд хайртай болоогүйдээ баярлах юм. Энэ аз уу, эз үү. Ардчилсан бол ардчилсан тодотголтой, дипломат сайн харилцаатай анд нөхөд минь уйлаад байхад бид инээгээд сууж болж байна уу, үгүй юу. Хамтдаа уйлах уу.
"Улс төрийн тойм" сонин