Гамби улстай дипломат харилцаа тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Гамби улстай дипломат харилцаа тогтоов

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавьж ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Гамби Улстай энэ оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай холбогдох Хамтарсан албан мэдээнд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нар гарын үсэг зурав.  Ийнхүү Гамби улстай дипломат харилцаа тогтоосноор манай улс НҮБ-ын гишүүн 161 улстай дипломат харилцаатай болж, хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж