ОУЖБХ-ны 2011 оны хамгийн сүүлийн тэмцээн Хятадын Чиндао хотноо өнгөрсөн долоо хоногт болсон байгаа. Улмаар тэмцээн өндөрлөсний дараах өдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд IJF-ээс бөхчүүдийн чансааны жагсаалтыг шинэчлэн гаргажээ. “World Masters-2012” тэмцээний дүрмийн дагуу 2011 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар тухайн жингийн ангилалд топ 16-д багтсан тамирчид тэмцээнд оролцох эрхтэй тул энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорхой болоод байна. Хэрэв шилдэг 16 тамирчны дотор тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин багтаагүй тохиолдолд тухайн жинд 17 тамирчин өрсөлдөж болох дүрэмтэй аж.
“World Masters-2012” тэмцээнд Монголын 12 жүдоч зодоглоно. Товчхондоо 12 тамирчин өөр өөрсдийн жингийн ангилалд дэлхийн топ 16-д багтаад буй. Өнгөрсөн жил зургаан тамирчин “Masters”-т оролцох эрхээ авснаас гадна таван тамирчин урилга ирсний дагуу 11-үүлээ оролцож байсан бол энэ жил 12 тамирчин эрхээ авсан нь жүдочдын амжилт өссөнийг илтгэнэ. Ингэхдээ эрэгтэй дөрвөн жинд найм, харин эмэгтэй дөрвөн жинд дөрвөн тамирчин оролцох юм.
Сануулахад, 2010 онд Өмнөд Солонгосын Сувон хотноо болсон анхны “World Masters”-т 66 кг-ын жинд ОУХМ С.Мияарагчаа аваргалсан бол өнгөрсөн жил Азербайжаны Баку хотноо болж, Х.Цагаанбаатар /66 кг/ алт, Б.Тэмүүлэн /-100 кг/, М.Бундмаа /52 кг/ нар хүрэл медаль хүртэж байсан билээ.
“World Masters-2012” тэмцээнд оролцох Монголын тамирчид:
Эрэгтэй:
60 кг: Д.Төмөрхүлэг /№7 728 оноо/, Ч.Болдбаатар /№12 570/, Г.Болдбаатар /№15 546
66 кг: Х.Цагаанбаатар /№3 1178/, С.Мияарагчаа /№9 766/
73 кг: С.Ням-Очир /№12 640/
-100 кг: Н.Түвшинбаяр /№12 682/, Б.Тэмүүлэн /№16 560/
Эмэгтэй:
48 кг: М.Уранцэцэг /№15 582 оноо/
52 кг: М.Бундмаа /№3 1300/
63 кг: Ц.Мөнхзаяа /№10 732/
-78 кг: П.Лхамдэгд /№7 860/"
“World Masters” тэмцээний түрүү бөхөд чансааны 400 оноо олгох бол мөнгө, хүрэл медалийг 240 ба 160 оноо дагалдана. Мөн медалийн төлөө барилдаж ялагдсан буюу тавдугаар байрт шалгарсан тамирчин 80 оноо авах юм.