Цахим үнэмлэхийг ирэх сараас олгоно

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг ирэх сараас олгоно

Сүүлийн үед иргэдээс шилжилт хөдөлгөөний хасалт, бүртгэл хийхгүй байгаа мөн иргэний цахим үнэмлэх олгох асуудал болон гадаад паспорт олголт гацсан гэх зэрэг шүүмж олонтаа гарах болсон. Бид эдгээр асуултад хариулт авахаар холбогдох газрын удирдлага болон иргэдтэй уулзсан юм. Нийслэлийн Иргэний бүртгэл мэдээллийн төвийг хамгийн түрүүнд зорьлоо.

Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс лавлалаа.

Б.Өнөрцэцэг: ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛИЙГ ЗОГСООГООГҮЙ

Иргэний бүртгэлийн Шилжих хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Б.Өнөрцэцэг ингэж ярив.

-"Манай ажилд ямар ч саатал гараагүй. Улаанбаатар хотод шинээр шилжин ирж байгаа иргэдийг бүртгэх ажлыг хэвийн явуулж байна. Шилжилт хөдөлгөөн хийх ажлыг зогсоогоогүй. Иргэний үнэмлэхний ар талд наалт" хийж өгч байгаа. Харин одоохондоо ачаалал харьцангуй бага байна. Жилийн хамгийн их ачаалалтай үе нь есөөс арваннэгдүгээр cap байдаг. Он гарах гэж байгаатай холбоотойгоор иргэдийн шилжих хөдөлгөөн нэлээд багасаж байна. Манайд тулгамддаг асуудал бол орон нутгаас шилжин ирж байгаа иргэдэд хоёрхон ажилтан үйлчилдэг явдал. Тэд өдөрт дунджаар 160 орчим иргэнийг хүлээн авч үйлчилж байна. Хүн хүчний хувьд хүрэлцээ муутай байгаа" гэсэн юм.

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар хөдөө орон нутгаас нийт 26525 иргэн Улаанбаатар хотод шилжин ирсэн гэсэн тоо гарчээ. Эдгээр иргэд ихэвчлэн Завхан, Төв, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгаас ирсэн аж. Харин нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжигсдийн ихэнх нь дээрх аймгууд руу шилжиж байгаа аж. Тухайлбал, Дархан-Уул аймаг руу 882, Төв аймаг руу 779 иргэн шилжжээ.    

Дашрамд дурьдахад Төв аймаг руу нийслэлээс хамгийн их айл өрх нүүж очиж байгаа судалгаа гарсан байна. Мөн төвийн аймгуудаас Улаанбаатар хот бараадах иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байгаа талаар мэргэжилтнүүд онцолсон юм.

ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХИЙГ ИРЭХ НЭГДҮГЭЭР САРААС ОЛГОНО

Монгол Улс өнгөрсөн жилээс иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамруулж эхэлсэн. Үүнд нийт нэг иргэн хамрагдсан байна. Одоогоор иргэний цахим үнэмлэхийг 1.9 сая иргэн авах боломжтой аж. Мөн Улсын Бүртгэлийн ерөнхий газар "Монгол Улсын 2.7 сая иргэний бичиг баримтыг архивлажээ. Архивлах явцад 15 сая 483 мянга 773 ширхэг баримт тоолсон байна. Эдгээр  бэлтгэл  ажлыг хангасны үндсэн дээр иргэдэд цахим үнэмлэх олгох боломжтой болсон" хэмээн үзэж байгаа аж.

Иргэний цахим үнэмлэхийг "Энэ сарын 26-аас олгоно" гэж байсан ч уг мэдээлэл ташаа болохыг албаны хүн хэлсэн юм. Учир нь үнэмлэх хэвлэх хоёр машиныг АНУ-аас авчирч байгаа юм байна. Эдгээр машиныг ирэх 27-нд хүлээж авах аж. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын дарга Д.Чинбатаас цахим үнэмлэхийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр "Цахим машин авчрахад нийт 5.9 тэрбум төгрөг зарцуулсан. Үнэмлэх үйлдвэрлэх техник хэрэгсэл дээр ажиллах мэргэжилтнүүдийн заримыг нь Хонконгод сургалтад хамруулсан. Уг машин цагт 3000 гаруй үнэмлэх үйлдвэрлэх хүчин чадалтай. Тиймээс иргэдэд үнэмлэх олгох ажиллагааг түргэвчилж чадна. Ямар ч байсан ирэх оны нэгдүгээр сарын дундуур олгож эхэлнэ. Сонгуулийн санал хураалтаас өмнө Монгол Улсын нийт иргэддээ цахим үнэмлэхийг нь олгож дуусах зорилготой байгаа. Харин шинэ үнэмлэх гарах хүртэл одоогийн иргэний үнэмлэхний хугацаа дууссан тохиолдолд дахин шинээр олгохгүй байгаа" гэв.

Мөн гадаад паспорт сүлжээ тасарсан нэрийдлээр нэг хэсэгтээ олгогдоогүй. Үүнийг тус газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга М.Нямсүрэн "Дотоод сүлжээнд засвар хийж байсан. Одоо бүх зүйл хэвийн байгаа. Харин иргэний үнэмлэхийнх нь хугацаа дууссан иргэд ирвэл хугацаа нь дуусаагүйд тооцож гадаад паспортыг олгож эхэлсэн. Энэ жилийн хувьд гадаад паспорт авсан иргэдийн тоо өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн онд 107 мянган иргэн гадаад паспорт авсан. Харин энэ онд 130 мянга болсон" гэв.

Хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд хаана очиж ямар бичиг баримт бүрдүүлэх талаар мэдлэг хомс байдгаас болж бүртгэлийн ажилтнууд болоод өөрсдөдөө ихээхэн төвөг уддаг талаар албаныхан хэлж байсан.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж