Германы ГХЯ-ныхантай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Германы ГХЯ-ныхантай уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар ХБНГУ-ын Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Харальд Браунтай энэ оны 12 дугаар сарын 20-нд Берлин хотноо уулзав. Уулзалтын хүрээнд хоёр орны харилцаанд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ 2011 онд эдийн засгийн стратегийн түншлэлийн гэрээнд анх удаа гарын үсэг зурсны үндсэн дээр эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх замаар иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид улам эрчимтэй хөгжүүлэх талаар санал солилцов. 2011 он хоёр орны харилцаанд онцгой чухал, эрчимтэй  урт хугацааны стратегийн түншлэлийн суурийг тавьсан жил болсон гэж үзэв.
 
Холбооны канцлер хатагтай Ангела Меркелийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярьж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, айлчлалын хүрээнд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай“ Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх эхний алхмуудыг хийх талаар тохиролцов.      
 
Мөн 2012 онд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д хийх төрийн айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцов.
 
Холбооны канцлер хатагтай Ангела Меркель манай улсад энэ оны 10 дугаар сарын дундуур айлчилсны дараа болсон хоёр орны  ГХЯ-ны удирдлагын түвшингийн энэхүү уулзалт ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалд болж, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр олон чухал асуудлаар ярилцав гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж