Бетховений сонсгол бүтээлд нь нөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Бетховений сонсгол бүтээлд нь нөлөөлжээ

Аажуухан эхэлсэн ч сүүлдээ явц нь хурдассан дүлийрэл Бетховений уран бүтээлд маш гүнзгий нөлөөлж, хөгжмийн зохиолчийг доод өнгөний ноот түлхүү сонгоход хүргэж байжээ.

Анх 1801 онд, дөнгөж 30 настай байхдаа, агуу хөгжмийн зохиолч сонсгол нь муудаж байгаа тухай ярьж эхэлжээ. Тэрээр хөгжмийн зэмсэг болон дуу хоолойны дээгүүр өнгөний ноотуудыг  муу сонсож байгаа тухайгаа гомдоллож байсан байна. 1812 он гэхэд хүмүүс түүнтэй ярихдаа чанга хашгирах болж, 1818 оноос Бетховен бусадтай зөвхөн бичгээр харилцах болжээ. Улмаар 1827 онд нас барахдаа тэрээр таг дүлий болсон байсан билээ.

Нидерландын Метаболикийн Төвийн эрдэмтэд хөгжмийн зохиолчийн чавхдаст дөрвөлийн бүтээлүүдийг задлан шинжилж, дөрвөн үед хуваасан байна. Тэд зүгээр л, дээрх бүтээлүүдийн эхний анги дахь нэгдүгээр хийлийн тоглолтын хэсэгт байх G6 буюу гуравдугаар октавын соль өнгөнөөс дээшхи (1568 Гц) нотнуудын тоог гаргажээ. Дүлийрэл нэмэгдэх тусам ийм ноотнуудын тоо багассаар байжээ. Бетховен өөрийн сайн сонсож байгаа ноотнуудыг түлхүү ашиглаж байсан бололтой.

Сонирхолтой нь, бүрэн дүлийрснийхээ дараа зохиолч дээд өнгөнүүдэд эргэж хандах болжээ. Сонсголоо бүрэн алдсан нь түүнийг нэг ёсондоо чөлөөлж, тэрээр хөгжмийн авиа сонсох гэж зүдэрч шаналалгүй, цэвэр дотоод сонсголдоо найдан туурвих болсон байна. 1824 онд түүний бүтээсэн агуу 9-р симфонийг хөгжим судлаачид сонгодог хөгжмийн түүхэн дэхь хамгийн сод туурвил хэмээн үздэг бөгөөд Бетховен энэ бүтээлийнхээ эгшиглэнг болон анхны тоглолтынх нь дараах үзэгч олны шагшин, бахархсан уухайг сонсох чадвараа нэгэнт алдсан байсан билээ.

Эх сурвалж: www.afp.com

9-р симфоний гар бичмэл (http://imslp.org)
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж