Вацлав Хавелыг эцсийн замд нь үджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Вацлав Хавелыг эцсийн замд нь үджээ

Чехийн Ерөнхийлөгч агсан Вацлав Хавелыг эцсийн замд нь үдэхээр улс орнуудын тэргүүн болон олон мянган иргэн Прага хотноо цугларчээ. Улс орондоо коммунист дэглэмийг халахад чухал үүрэг гүйцэтгэсэн экс ерөнхийлөгчийг өнөөдөр оршуулах ажээ. Вацлав Хавелд эцсийн хүндэтгэл үзүүлэхээр очсон хүмүүс өвлийн хүйтнийг ажралгүй, цэцэг барьж, лаа асаан хэдэн цаг зогссон гэнэ. Хүмүүс экс ерөнхийлөгчтэй салах ёс хийхээр очсон хүмүүсийн дунд  “Баярлалаа, Ерөнхийлөгчөө” хэмээн дунд сургуулийн хүүхдүүд гараар бичсэн лоозон олон байжээ. 1970-аад оны үед Вацлав Хавел Зүүн Европын орнуудын тахал мэт байсан  коммунист дэглэмийн эсрэг олон нийтийн санаа бодлыг өөрчилж чадсан гавьяатай нэгэн. Тэрээр иргэдээс тархийг нь угаадаг коммунист эрх баригчдын худал хуурмагт итгэж буй мэт дүр эсгэхээ болихыг уриалсан "The Power of the Powerless," нийтлэлээсээ болж дөрвөн жил хагас шоронд хоригдсон юм. Зөвлөлт Холбоот улс дагуул орны дотоод асуудалд цаашид хөндлөнгөөс оролцохгүй гэж мэдэгдсэний дараа 1989 онд Польш, Зүүн Герман, Чех, Словак зэрэг оронд коммунист дэглэм нуран унаж, Вацлав Хавел болон түүнийг дэмжигчдийн нэр хүнд өссөн. Тэр үед тус улсын эрх баригчид албан тушаалаасаа огцорч, коммунист Засгийн газар Вацлав Хавелыг Ерөнхийлөгчөөр сонгосон билээ. 1992 онд Чех улс хоёр хуваагдахад тэрээр Бүгд найрамдах Чех улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ. Чехословакийг нэгтгэх гэсэн түүний хичээл зүтгэл талаар болсон ч Вацлав Хавелын гавьяагаар Бүгд найрамдах Чех улс НАТО, Европын холбоонд элссэн. Шоронгийн хүнд жилүүд, тамхи угсруулан татдаг зуршил нь түүний эрүүл мэндийг үгүй хийсэн ч Вацлав Хавел Куба, Хятадад улс төрийн эрх чөлөө бий болгохын төлөөх кампанит ажлаа зогсоогоогүй билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж