Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Зул сарын мэндчилгээ

2011 оны хуанлийн сүүлийн хуудсууд сэвэлзэн үлджээ. Энэ жил хийж бүтээснээ эргэцүүлэн сууна уу, Эрхэм уншигч Та. Учирч тулгарсан бэрхшээл өнөөдөр Танд амжилтын амтыг сануулж, босгож бүтээсэн болгон чинь энэ үдэш  бахархал болон үлдэж байна. 2011 оныг Та хэлэх үгтэй, хийсэн ажилтай үджээ.

The Mongolian Mining Journal нь www.news.mn сайттай хамтран энэхүү “Уул уурхай”-н мэдээллийн хуудсаа уншигч Танаа толилуулдаг билээ.  Монголын хамгийн хүртээмжтэй сайттай хамтран ажилладагтаа Mining Journal таатай байдаг агаад Монголын уул уурхайн салбарын жилийн ололт амжилтыг дүгнэн тодруулсан Mining Journal Awards-ийн дэлгэрэнгүй сурвалжлагыг тус сайт болон Eagle телевизийн залуустай хүч нэгдэн олон нийтэд шууд дамжуулсан билээ. Уул уурхайн салбарынхны амжилт, алдаа, бэрхшээл, бүтээн байгуулалтын дунд Mining Journal ойрхон явдаг. Монголын уул уурхайн салбарынхан ямар хүч хөдөлмөр гарган ханцуй шамлан ажилласныг нийгэм тольдох гол индэр нь Mining Journal сэтгүүл төдийгүй, манай редакцийн зохион байгуулдаг Mining Journal Awards арга хэмжээ юм.

Монголын уул уурхайн сэтгүүлийн хамт олон бид 2011 оныг бүтээл дүүрэн үдэж буйгаа хэлэхэд таатай байна. Гуравдугаар сард Хонкогд нээгдсэн Хөрөнгө оруулагчдын уулзалт, дөрөвдүгээр сард Сингапурт болсон Азийн Уул уурхайн Конгресс, зургадугаар сард Вена хотноо болсон Олон улсын атомын энергийн агентлагийн чуулга уулзалтаас Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид сурвалжлага бэлтгэн, уншигч олондоо цувралаар хүргэсэн билээ. Хилийн чанад дахь эдийн засаг, уул уурхайн чиглэлийн гол хурлуудын сурвалжлагыг Монголын олон нийт, салбарынхандаа шуурхай хүргэх ажлыг манай хамт олон чармайн хийж явааг байнгын уншигчид маань сайн мэднэ. Түүнчлэн Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан уул уурхайн бүхий л хурал уулзалтад Мэдээллийн түнш байгууллагаар ажиллав.

Манай хамт олны энэ жил хүрсэн гол амжилт нь уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн хөтөлбөр бэлтгэх телевизийн “Хөгжил” студиэ хөлд оруулсан явдал юм. Одоо долоо хоног тутам нэвтрүүлэг бэлтгэн, Ийгл, С1, 25 дугаар суваг телевизүүдийн оргил цагаар тогтмол цацаж байна. “Хөгжил” студи маань энэ жил нийт 26 нэвтрүүлэг бэлтгэн эфирт цацжээ. Хилийн чанадаас, дотооддоо, уурхайгаас бэлтгэдэг “ Хөгжил” хөтөлбөр нь эх сурвалж олонтой, байр суурийг тэнцвэртэй хүргэдэг, танин мэдэхүйн мэдээлэл өгдөг, шинэлэг болохыг урамшуулан хэлдэг үзэгчдэдээ энэ ялдамд талархал илэрхийлье.

“Хөгжил” студийг байгуулах, хөл дээр нь босгоход чин сэтгэлээсээ тусалсан байгууллага, хүн болгонд, хамтран ажилладаг телевизийнхэндээ талархал илэрхийлье.

Ирэх онд бид энэ жил хийснээ улам чанаржуулан, илүү өргөн орон зайд хүрч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Редакцийн сэтгүүлчид маань өөр өөрсдийн чиглэлээр мэргэшин, өдгөө шинжээчийн түвшинд хүртэл анализ хийж чадаж байгаад хамгаас их олзуурхдагаа дашрамд хэлье. Мөр мөрөө түшин зүтгэж яваа хамт олондоо, тэдний гэр бүлийнхэнд нь аз жаргал хүсье.

Mongolian Mining Journal эрхэм Уншигчдадаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэн, ирэх жилдээ их эрчмээр дүүрэн, итгэл найдвар үргэлж Таны гэрийг дулаацуулан байхын ерөөлийг өргөж байна.

Зул сарын үдэш халуун бүлээрээ цуглан суугаа өрх болгоны хойморт баярын мэдээ хүрч, ертөнцийн сонин сонсогдож, хорвоогийн шинэ жил айлсан байгаа. Тэрхүү дуу чимээг сэтгүүлчид түгээж явна. Тиймээс мэдээний машинд сэгсчүүлэн шуурхайлах сурвалжлагч Танаа баярын мэндийг илгээе. 2011 он Монголын сэтгүүл зүйн өнгийг эрс өөрчилсөн жил юм. Телевизийн сэтгүүл зүй барууны стандартад хүрч, орчин цагийн үзэгчийн эрэлтэд хариулж чадах болсныг энэ оны эхэнд “Боловсрол” телевизээс, өнөөдөр Eagle-ийн өнгө төрхөөс бид харж байна. Монголын нийгэмд буруу алхам болгоныг сэтгүүлчид хамгийн түрүүнд илчлэн гаргаж буйг TV9 телевизийнхний жишээнээс харж болно. Тус телевизийн “Анализ тойм”, “Инфо сүлжээний мэдээ” нь телевизийн сэтгүүл зүйд шинэлэг алхам, үзэгчдийн хүсэн хүлээдэг цагууд болжээ.

Монголын телевизүүд өнгө төрхөөрөө ялгарч, өөрийн гэсэн үзэгчдийн сонголттой болсныг С1 телевизийн энтертайнмент нэвтрүүлгүүдээс харж болно. С1 амрааж, гоо сайхны таашаал өгдөг. Телевизийн бодлогыг барьж яваа Бэн Моел, Унагалдай Амраа нарын менежерүүд Монголын телевизийн хөгжилд зөв хандлага гаргажээ. 25 дугаар суваг телевизийн “Дуусдаггүй яриа” Монгол debate-ийн салхийг хагалсан бол NTV-ийн Нандиаг бямба гаригийн үдэш үзэгчид хүлээдэг болжээ. 2011 онд телевизүүдийн хөтөлбөрт агуулга ба өнгө төрхийн эрс шинэчлэл хийгдсэн явдал нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос хатуу шаардлага, стандартыг тавьж эхэлсэнтэй холбоотой. Хатуу шаардлагаас эхлээд хальширсан нь олон буй за, гэвч Монголын үзэгчид дэлхийн түвшний мэдээлэл хүлээн авахыг хүсч байгааг телевизийнхэн мэдэрч, шинэчлэгдэж чадсан нь олзуурхам. Технологийн тоон системийн бэлтгэлийг эртлэн базаахаар хөдөлсөн Зохицуулах хорооныхон, дарга Б.Болдбаатар санаачлагатай ажиллажээ.

Технологийн ухаалаг шийдлийг үндэсний Univision компани Монголын хэрэглэгчдэдээ хүргэж, түүний араас бусад компани мөр даран гурвалсан үйлчилгээг санал болгосон юм. HD формат Монгол үзэгчдэд танил боллоо.

“Өдрийн сонин”-ы хамт олон Монголын сонгодог өдөр тутмын хэвлэлийн эхний сонголт байж, өглөө болгон үгүйлэх нэгэн учир шалтгаан болсон хэвээр байна. Харин шинэхэн гэх тодотголтойгоор ширүүхэн гарч ирсэн авч богино хугацаанд олны танил болсон өдөр тутмын хэвлэл бол “Улс төрийн тойм”. Үйл явдлын хандлагыг шуурхай мэдрэх, эх сурвалжийг эхэлж “барьж авах”, анализ хийх  чадвар “Улс төрийн тойм”-д бусдаас илүү байгааг хүлээн зөвшөөрье.
Сэтгүүл нь шинэ цагийн уншигчийн оюуны таашаал, эрхэмсэг хэрэглээ болон хүч түржээ. Эдийн засгийн сэтгүүлийн орон зайд Д. Бэхбаяр, И.Отгонжаргал нар “Mongolian Economy” сэтгүүлтэйгээ  зориглон гарч ирсэнд нь баяр хүргэе. Баян тарган бизнесийнхэн бус, харин жирийн сэтгүүлчид өөрсдийн хүчээр, уншигчийн эрэлтийг мэдрээд хөл дээрээ зогсож чадна гэдэг гайхамшигтай амжилт юм. Ямар их хүч хөдөлмөр, сорилтыг туулж гэмээнэ ийм амжилтад хүрдэг гээч. Тэдэнд баяр хүргээрэй.

Онлайн мэдээлэл хувьсгал хийж, бусдад орон зай үл үлдээхийг ажих аймшигтай атлаа бахархалтай. www.news.mn, www.gogo.mn-гүйгээр шинэ өглөөний ажлаа эхэлнэ гэдэг өдгөө утгагүй мэт санагдах болжээ.

Сэтгүүлчдийн өдөр тутмын амьдралд хамгийн ойр байсан байгууллага бол “Глоб Интернэшнл” юм. Редакцийн эзэн, захирлаасаа илүү Монголын сэтгүүлчид Глобд итгэдэг. Энэ байгууллагыг үүсгэн байгуулсан эрхмүүдэд бодитой зүйл хийж яваагийнх нь төлөө талархал илэрхийлье. Монголын сэтгүүл зүй 2011 онд амсхийх завгүй байлаа. Тэрхүү гайхамшигтай хэмнэлийн дунд байсан сурвалжлагчдадаа, хоосон маргах, хий цэцэрхэх цаггүй хөдөлмөрлөсөн хүн болгонд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье. Арван нэгэн оны амжилтаараа бахархах эрхтэй хүн болгонд их эрчим, шинэ санаа, урсгал сөрөх эр зоригийг ерөөе.

Л. Болормаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж