Түүх соёлын үнэт олдвор олсон иргэдийг шагналаа

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Түүх соёлын үнэт олдвор олсон иргэдийг шагналаа

Шинжлэх ухааны чухал ач холбогдолтой,
дэлхийд нэн ховор түүх соёлын үнэт олдвор олсон жирийн иргэдийг
БСШУЯ-наас соёлын үнэт өвийг үрэгдэж гэмтэхээс хамгаалан иргэний үүргээ
гүйцэтгэсэнд талархан шагнаж урамшууллаа. Шагналыг БСШУ-ны сайд
Ё.Отгонбаяр  гардуулан өгсөн юм.  Хэнтий аймгийн Норовлин сумын
Баян-Өлзийт багийн нутаг Салхит хэмээх газраас эртний хүний чулуужсан
гавлын ясны нүдний аяганы дээд хэсэг, дух, зулай, дагзны хамт залгаатай
бүтнээр олдсоныг тус аймгийн харъяат С.Алтанцэцэг олж 2006 оны
арваннэгдүгээр сард Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн
захирал Д.Цэвээндоржид хүлээлгэн өгчээ. Эртний хүний гавлын ясны дээд
хэсэг нь манай орны нутаг дэвсгэрээс анх удаа олдож байгаа юм байна. Энэ
төрлийн олдвор нь дэлхийд нэн ховор илэрч байсан бөгөөд хүн төрөлхтөний
үүсэл хөгжил, тархалтын түүхийн зангилаа асуудлыг шийдвэрлэхэд чухал ач
холбогдолтой хэмээн судлаачид хэлж байлаа. Уг хүний гавлын дээд хэсгийн
ясыг олон орны эрдэмтэд сонирхож байгаа юм байна. Энэхүү олдвор нь Зүүн
Хойд Азийн хойд хэсгээс анх удаа олдож буй дэлхийд нэн ховор, хосгүй
үнэт дурсгал хэмээн гадаад дотоодын олон судлаачид хүлээн зөвшөөрч
байгаа юм.

Мөн Сүхбаатар аймгийн харъяат иргэн Б.Бадамаанямбуу
малаа хариулж явахдаа түүх, соёлын дурсгалт зүйл болох шинжлэх ухааны
судалгаанд чухал ач холбогдолтой гурван ширхэг хүрэл тогоог олж илрүүлэн
Монголын Үндэсний түүхийн музей болон Сүхбаатар аймгийн музейн сан
хөмрөгт хүлээлгэн өгсөн байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн
22.1-д “Соёлын өвийг сурвалжлан олох, хадгалж хамгаалах, музей, архив,
номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, алдагдсан, хууль бусаар хил
нэвтрүүлсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, олж
илрүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг
алдаршуулах, урамшуулах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна”, 22.2-т “Иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах журмыг Засгийн газар
тогтооно” хэмээн заасны дагуу тухайн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалыг
үрэгдэж устахаас хамгаалан, иргэний идэвхи гаргасан иргэн С.Алтанцэцэг,
Б.Бадамаанямбуу нарыг тус бүр гурван сая төгрөгөөр шагнаж урамшуусан юм.

Монгол нутаг бол нүүдлийн соёл иргэншлийн өлгий нутаг. Дэлхийн
түүхэнд алдаршсан гурван их гүрэн Монголын нутагт оршин тогтнож байсан.
Хамгийн эхнийх нь энэ жил үүсгэн байгуулагдсан Хүннү их гүрэн.
Дараагийнх нь Ази Европид хил дамнан оршиж байсан Түрэгийн эзэнт гүрэн.
Гуравт нь Монголын их гүрэн. Тиймээс дэлхийн хэмжээнд яригдах улс
орнуудын соёлын үнэт олдвор манай орноос ихээр олддог хэмээн цугласан
судлаачид ярьж байлаа. 

Х.Нарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж