Ажилгүйчүүдийн тоо өмнөх сараас буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Ажилгүйчүүдийн тоо өмнөх сараас буурчээ

Төв аймгийн Статистикийн хэлтсээс өчигдөр мэдээлэл хийлээ. Тус аймгийн сумдын хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлтэй байгаа  ажилгүйчүүдийн тоо энэ оны арваннэгдүгээр сард 1176 болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 335 хүнээр, өмнөх сарынхаас 23 хүнээр  тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ. Ажилгүйчүүдийн 54.17 хувь буюу 637 нь эмэгтэйчүүд, 12.16 хувь нь урьд нь ажил эрхлэж байсан, 87.84 хувь нь анх удаа ажил эрж байгаа хүмүүс байгаа аж.

2011 оны эхнээс 1864 хүн ажилд зуучлагдан орсон нь өмнөх оны мөн үеэс 502 хүнээр өссөн. Арваннэгдүгээр сард 284 хүн ажилд орсоны 20.45 хувь нь төрийн төсөвт байгууллагад, 35.61 хувь нь нөхөрлөл компани, 3.41 хувь нь хоршоонд, 40.53 хувь нь бусад байгууллагад ажилд оржээ.

Арваннэгдүгээр сард бүртгүүлсэн нийт ажилгүйчүүд 265 байгаагийн 0.75 хувь нь орон тооны цомхтголоор, 1.51 хувь нь байгууллага татан буугдсан, 18.49 хувь нь өөр газраас шилжин ирсэн, 9.07 хувь нь сургууль төгссөн, 1.13 хувь нь цэргээс халагдсан, 6.79 хувь нь цалин багатай, 62.26 хувь нь бусад шалтгаантай байв. Оны эхнээс нийт бүртгүүлсэн 2165 ажилгүйчүүд байгаа нь 2010 оны мөн үетэй харьцуулахад 105 хүнээр буурчээ.

Ажилгүйчүүдийг боловсролын байдлаар нь авч үзвэл 18.45 хувь нь дээд, 4.42% нь тусгай  дунд, 4.25 хувь нь мэргэжлийн анхан шатны, 49.91 хувь нь бүрэн дунд, 19.56 хувь нь бүрэн бус дунд, 3.4 хувь нь бага буюу боловсролгүй  хүмүүс  эзэлжээ.   

Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд  дунджаар 208 ажилгүйчүүд ногдож байгаагийн дотор Баянхангай, Эрдэнэ, Баянцогт, Угтаал, Баянжаргалан, Бүрэн, Лүн, Сүмбэр, Өндөрширээт, Баян, Архуст, Зуунмод, Мөнгөнморьт сумдад аймгийн дунджаас их 232-424 хүн байна.

2011 он гарсаар шинэ ажлын байр 2349 бий болсноос үүний 89 нь өнгөрсөн арваннэгдүгээр сард  бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 689-аар буюу 29.33 хувиар өсөв. Эдгээр ажлын байрын эдийн засгийн ангилалаар ангилбал 714 нь ХАА-н салбарт, 339 нь уул уурхайн салбарт, 545 нь боловсруулах салбарт, хоёр нь усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарт, зургаа нь цахилгаан, хийн үйлдвэрлэл, 74 нь  барилгын салбарт, 161 нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 79 нь зочид буудал зоогийн газрын салбарт, 73 нь санхүүгийн зуучлалын салбарт, нэг үл хөдлөх хөрөнгө,түрээсийн бизнесийн үйл ажиллагааны салбарт, ес нь мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарт, хоёр нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт, 92 нь төрийн удирдлага батлан хамгаалах салбарт, 61 нь боловсролын салбарт, 62 нь эрүүл мэндийн салбарт, 672 нь олон нийт бие хүнд үзүүлэх үйлчилгээний салбарт тус тус бүртгэтэй байгаа ажээ.   

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж