АНУ-ын сонгуулийн автоматжуулсан систем үйлдвэрлэдэг компаниас төхөөрөмж авахаар болж жил гаруй судалсан, уг компани тендэрт шалгарсан ч Монголын талын саналыг хүлээн зөвшөөрөөгүйгээс тэндээс машин авах ажил бүтээгүй аж. Тэгээд БНСУ-аас санал тоолдог машин авсан нь уг сканнер, зөөврийн компьютер гэнэ. Уг машиныг УИХ-д танилцуулан зөвшилцөх асуудал гишүүдийн гайхсан, цөхөрсөн, уурлаж ундууцсан дүр төрхөөр солигдов. Сонгуулийн тухай хуульд сонгогчийн саналыг автоматжуулсан системээр авч мөн автоматжуулсан системээр тоолно хэмээн оруулсан. Гэтэл СЕХ-ны дарга Н.Лувсанжав, уг сканнерийг оруулж ирсэн Интерактив компанийн төлөөлөгч н.Ууганбаяр нарын танилцуулснаар урьд өмнөх сонгуулиудын нэгэн адил сонгогчдын саналыг саналын хайрцагт хийлгээд, гагцхүү санал хураалт дууссаны дараа хүний гараар тоолохын оронд уг сканнераар тоолох юм байна. Машиныг ажиллуулж үзүүлэхэд зөвхөн хэний, аль намын төлөө санал өгсөн нь, саналын хуудас хүчинтэй эсэхийг харуулж байсан юм. Сонгогчдын өгсөн саналыг хайрцагт хийж дараа нь асгаж овоолж байгаад сканнераар тоолох тийм л төхөөрөмжийг БНСУ-аас авчирчээ.
Дээр нь Сонгуулийн хуульд “хайрцгаар санал хураана” гэж томъёолсон хэмээн СЕХ-ны дарга Н.Лувсанжав “гүжирдэж” гишүүдийн дургүйг хүргэв. Гишүүн З.Энхболд “Гэрийн сканнер аваад ирсэн байна. Машинд хамгаалалт хийхгүй бол саналын хуудсыг 500,500-гаар тоолдог луйвар адилхан гарах гэж байна. Хуулийн дагуу сонгогчдын саналын хуудсыг санал хураах төхөөрөмжид хийх ёстой. Тэр Н.Лувсанжав даргын хэлээд байгаа саналын хайрцаг гэдэг бол гэрээр санал авах зөөврийн хайрцгийг хэлж байгаа. Гэтэл Н.Лувсанжав үүнийг огт өөрөөр ойлгоод байна. Үүгээрээ Сонгуулийн хуулийг зөрчих гээд байна. Санал хураалтыг автоматаар явуулах нормальный машин авах мөнгө төсөвлөж өгөөд байхад гэрийн сканнер аваад ирсэн байна. БНСУ-ын энэ компани бол сонгуулийн ажиллагаанд нэг метр дөхөх эрхгүй компани. Үүгээрээ долдугаар сарын 1-нийг давтах нь гэсэн хардлага байна. Эсвэл эд нар авлига авсан. Н.Лувсанжаваас гадна СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нарын нөхөд байна. Эднийг АТГ-т бичиг явуулж шалгуулна” гэлээ.
Гишүүн Л.Гүндалай “Манай гэрт байдаг, манай хүүхдүүдийн хэрэглэдэг сканнер аваад ирсэн байна. Нэмж сканнер авбал аваарай” хэмээн егөөдсөн юм. Гишүүн Л.Болд энэ үеэр нэг эмзэг сэдэв хөндөв.
“Сонгуулийн автоматжуулсан төхөөрөмж авахад 24 тэрбум төгрөгийг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс зарцуулахаар төсөвт тусгасан. Гэтэл маргааш энэ оны бүх гүйлгээ хаагдаж энэ төсөв шатаж байна. Монгол Улсад сонгуулийг автоматжуулсан системээр явуулах асуудлыг үүгээрээ унагаж байна. Үүний улс төрийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Төсөв зарцуулахад бүтэн жил байсан атал оны сүүл хүргэж байгаад одоо сканнерийн техникийн үзүүлэлт ярина гэдэг юу гэсэн үг вэ” гэж тэрбээр хэллээ. Н.Лувсанжав даргын тайлбарласнаар хууль батлагдахыг хүлээсэн гэнэ. ТЕГ, Монголын харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Төрийн холбоо зэрэг газрын төлөөлөлтөй ажлын хэсэг гаргаж ямар машин авах талын дүгнэлт гарган СЕХ-ны хуралд оруулсан талаараа тайлбарлав. Түүний ярьснаар бол уг сканнерийг БНСУ-ын том банкуудад ашигладаг аж. Үүнийг сонсоод З.Энхболд гишүүн “Сонгуульд ашигладаг систем ав гэснээс банкинд мөнгө тоолдог сканнер авчир гээгүй” гэлээ. Н.Лувсанжав дарга үүнийг сонгуульд яг ашиглана гээгүй, сонгосон төхөөрөмжөө харуулж зөвшилцөх гэж байна гэсэн хариу хэлэв. Д.Энхбат гишүүн “Цемент ачдаг машин ав гэтэл Москвич авчирчихаад ард нь цемент ачиж болдог юм” гэсэнтэй ижил утгатай юм хэллээ гэж байв. Ц.Нямдорж гишүүн “Профессиональ машиныг хуулийн дагуу ав гэж хуульд оруул” гэсэн бол Ч.Сайханбилэг гишүүн өөдөөс нь үг хэлэх гэсэн Д.Очирбат гишүүнийг “Тань шиг 50 грамм татчихаад энд орж ирээгүй. Тэр эмнэлэг дээрээ очиж агсар” хэмээн сүүлдээ гишүүд хоорондын маргаан үүсэв.
Эцэст нь С.Ламбаа гишүүн ингэж дэмий маргалдахын оронд IT-ийн мэргэжилтнүүдтэй ярилцъя гэсэн горимын санал гаргаж ч үзлээ. Ингээд асуудлыг ойрын үед өөр хувилбартайгаар оруулж ирэхийг СЕХ-нд даалган уг асуудлыг өндөрлөв.