Батсүмбэрчүүдийн хувьд 6500 гаруй хүн амтай. Нийслэл хоттой ойрхон, дээр нь хамгийн үржил шимтэй газар нутагт оршдог учир нийслэлчүүдийг сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоогоор хангах бүрэн боломжтой гэдгийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат иргэдтэй уулзах үеэрээ хэлж байв. Дээр нь төмөр зам тус сумыг дайран өнгөрдөг нь батсүмбэрчүүдийн эдийн засгаа тэлэх нэг давуу тал гэдгийг тэрбээр онцолж, энэ бүх боломжоо ашиглаж чадахгүй байгаа нь Засаг дарга нь унхиагүй ажиллаж байгаатай холбоотой хэмээн шүүмжилсэн. Үүнээс гадна орон нутагт эрх мэдэл байдаггүйг далимдуулж, хэн дуртай нь голын сав газар, уулын ам ухаж төнхдөг байдал сүүлийн үед нэмэгдэж байгаад батсүмбэрчүүд эмзэглэж явдгаа мөн хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.
Харин Дархан-Уул аймгийн Хонгор сумынхны хувьд хордсон хордоогүй хэмээн олон жил бужигнаж ирсэн. Хариуцлаггүй Засаг дарга, удаан ноёрхсон нэг намын дарангуйлал хонгорынхныг ийм байдалд хүргэсэн гэж нутгийн иргэд “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн үеэр хэлж байв. Мөн Хонгор сум газар тариалан, уул уурхай гээд байхгүй юм үгүй. Эдийн засгийн хувьд бие дааж, загвар сум болох бүрэн боломжтой. Гэвч хонгорчууд нутгаасаа өнөөдрийг хүртэл дүрвэсээр байгаа аж. Тэднийг ийм байдалд хүрэхэд тухайн үеийн аймгийн Засаг дарга байсан одоо УИХ-ын гишүүнээр сууж буй Д.Хаянхярваатай холбоотой хэмээн үзэж гомдолтой явдгаа нутгийн иргэд нуусангүй. Түүнчлэн 2008 оны сонгуулийн дараахан тэрбээр хонгорчуудад хандан “Та нар одоо яаж ч яриад намайг дийлэхгүй. Би одоо төрийн өндөрлөгт гарчихлаа” хэмээн хэлж байсан гэнэ.