Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Өдөр судар дээр нь тодорхой судалгаа, шинжилгээтэй хандах хэрэгтэй байна” гэсэн бол Д.Ганхуяг гишүүн уг хуулийн төслийг дэмжихэд болохгүй гэх газаргүй гэлээ. Харин төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Энэ жил олон түүхт ойг тэмдэглэсэн, тэдгээрийн дотроос хамгийн чухал нь арванхоёрдугаар сарын 29-нд тохиох Тусгаар тогтнолоо баталгаажуулсны 100 жилийн ой тооцогдоно” хэмээв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж төсөлд тусгасан бөхчүүдэд цол олгох тухай асуудал дээр санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж, “Бөх барилдана л биз, цол өгөх асуудлыг энэ удаадаа болих хэрэгтэй. Тэгээд ч жилд ганц өгдөг цолыг хоёр болгож болохгүйн учир шалтгааны талаар их аваргууд ярилцлага өгснийг бодолцох ёстой” гэв. Р.Раш гишүүн ч мөн байр суурь нэг байгаагаа илтгэж “Амралтын өдөр байх нь зөв, харин цол олгох нь оновчтой биш” гэж үзэв. Санал хураалтын шатанд арванхоёрдугаар сарын 29-нийг бүх нийтийн амралтын өдөр болгох тухай санал УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүлээгээгүй бол бөхчүүдэд цол олгох асуудлыг харин “босгож” чадав. Эл асуудлыг өмнөх өдөр нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх шатанд унагаад байсан ч чуулганаар хэлэлцэх үед босгосон юм. Ингэснээр ямар ч байсан бөхчүүдийн төдийгүй бөх сонирхогчдын анхаарлыг татаж байсан эл асуудал эхний даваагаа давж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хоёр дахь асуудал нь "Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлав. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих болж байна. Энэ нь зэрэглэл харгалзахгүйгээр хонь, тэмээний ноосонд нэг кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгох тухай тогтоол юм. УИХ-аас баталсан өмнөх тогтоолд нэгдүгээр зэргийн хонь, тэмээний ноосонд урамшуулал олгоно гэж заасан байсныг ийнхүү өөрчиллөө.
Гурав дахь асуудал нь Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн багц төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг төслөөр гишүүдээс санал хурааж батлах ёстой байсан авч, ирц хангалтгүй байсан, мөн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсантай холбоотойгоор батлагдах төсөл нэг хоногоор ухрав.