Арабын супер улс Ираны заналын хариу болно

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Арабын супер улс Ираны заналын хариу болно

Арабын орнууд Ираны зүгээс гарах заналын эсрэг цэргийн болон бусад салбарт нягт хамтран ажиллахаар болж байгаа тухай Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлд (GCC) орж буй орнуудын лидерүүдийн мэдэгдэлд өгүүлжээ.

Саудын Арабын төрийн телевизээр дамжуулсан мэдэгдэлд аюулгүйн салбарын асуудлын шаардлагын дагуу “хамтын ажиллагаанаас холбоонд шилжихийг” уриалсан байна. Хоёр хоногийн саммитад оролцсон Арабын орнуудын лидерүүд Саудын вангийн санаачлагыг бүрэн дэмжиж байна хэмээн мэдэгдсэн байв. Вангийн санаачлагыг зарим шинжээчид супер араб улс байгуулах оролдлого гэж нэрлээд амжжээ. Энэ асуудлаар зөвхөн цэргийн салбарын хамтын ажиллагаа ч биш нэгдмэл мөнгөтэй болох хэлцэл хангалттай урт хугацаагаар үргэлжилж байна.

Зөвлөлийн орнуудын лидерүүд Иранд хандан хөрш орнуудынхаа дотоод хэрэгт оролцохгүй байхыг уриалсан байв. Мөн Исламын бүгд найрамдах улс шашины нийгэмлэгүүдийн хооронд хагарал гаргаж байгаад түгшиж буйгаа тэд илэрхийлжээ.

Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай хамтран ажиллахыг  GCC Тегеранд уриалснаас гадна Ойрхи Дорнодыг үй олноор хөнөөх зэвсэггүй бүс болгох эрмэлзлээ илэрхийлсэн гэж "Аль-Арабия" телевизийн сайтад өгүүлжээ. Сануулахад, Исламын улс цөмийн цэнэгийг хагас жилийн дотор бүтээж чадна хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта хэлсэн байв.

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Сауд аль-Файсал Сирийн тухай ярихдаа, Арбаын лигийн орнуудын дотоод сөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөг нэн даруй биелүүлэхийг Сирийн дэглэмээс шаардсан байв. Иран Сирийн хувьд Арабын лиг бодит бусаар хандаж байгаа гэж буруутгасныг тэмлэх нь зүйтэй болов уу. Гэхдээ Лигийн орнуудын энхийн санаачлагыг Иран дэмжинэ гэсэн байлаа.

Зөвлөлөөс Марокко ба Иорданд янз бүрийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор таван тэрбум ам.доллар гаргаж байгааг мэдэгдэв. Хэрэв энэ хоёр орон GCC-д нэгдвэл тус байгууллага нь бараг бүх Арабын вант улсуудыг эгнээндээ нэгтгэсэн болох юм. GCC байгууллага хувьсгалт Иранаас гарах аюулын эсрэг зогсохоор 1981 онд байгуулагдсан юм. Уг байгууллагад Саудын Араб, Катар, Бахрейн, АНЭ, Оман ба Кувейт ордог.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж