Олимпийн эрхийн батламжаа гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Олимпийн эрхийн батламжаа гардан авлаа

Олон Улсын олимпийн хорооноос анх удаа зохион байгуулж байгаа "Инсбрук-2012" залуучуудын өвлийн олимпийн наадамд нийслэлийн нэгдүгээр сургуулийн 10е ангийн сурагч А.Энх-Ариун гүйлтийн тэшүүрийн төрлөөр оролцох эрх авчээ. Залуучуудын олимпийн эрхийн батламжийг нь өчигдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар албан ёсоор гардуулсан юм. Канадын Калгари, Герман Эрфурт, Норвегийн Бюнь хотод болсон Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах цомын цуврал тэмцээнээс олимпийн эрхийн болзлыг хангасан байна. Тэрбээр олимпийн өмнөх бэлтгэлээ Германд хийх бөгөөд энэ сарын 25-нд мордох юм. Тэнд бэлтгэлээ базааж байгаад Австри улсыг зорьж Инсбрук хотноо 2012 оны нэгдүгээр сарын 13-22-нд болох залуучуудын анхдугаар өвлийн олимпийн наадамд хурд, хүчээ сорино. Энх-Ариун БНХАУ-ын Чанчуньд бэлтгэлээ базааж байгаад өнгөрсөн мягмар гарагт эх орондоо иржээ. Инсбрукийн наадамд түүний дасгалжуулагчаар Д.Энхбаяр ажиллах юм. Монголын тамирчдаас тус олимпийн наадамд цана болон тэшүүрийн төрлөөр хоёр тамирчин оролцохоор болоод байгаа юм.

Эх сурвалж: БТСГ sport.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж