Шилдэг номуудын танилцуулга

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Шилдэг номуудын танилцуулга

“Интерном”-ын энэ оны шилдгээр шалгаран “Grand book 2011” үзэсгэлэн худалдаанд оролцож буй номуудыг цувралаар танилцуулж байна.

Орчуулгын уран зохиол

“Чонон сүлд”, Зян Рун

Эрхлэн гаргасан Монсудар хэвлэлийн газар

Монгол хүн, чоно, байгаль гурвын харилцан шүтэлцээний тухай өгүүлсэн намтар дурсамжийн энэ бүтээл дэлхийн гуч гаруй орны хэл дээр хэвлэгдэн гарчээ. 1967 онд Өвөр Монголын зүүн үзэмчин хошууны хил орчмын тал нутагт өнгөрүүлсэн 11 жилийн амьдралынхаа тухай өгүүлсэн энэ бүтээл зохиогчоо алдаршуулсан билээ.

“Шинэ сар”, Стефани Мэйр

Эрхлэн гаргасан Монсудар хэвлэлийн газар

Цус сорогч хүн хоёрын байж боломгүй хайр дурлалын ээдрээт харилцааг өгүүлсэн Бүрэнхий зохиолийн дараагийн цуврал болох “Шинэ са”р зохиол хайр сэтгэл хийгээд айдас түгшүүрийг гайхалтайгаар хослуулан тавьж, сэтгэл хөдлөлөөр дүүрэн, салахын аргагүй, санаанд оромгүй эргэлт, ээдрээт өрнөл үйл явдлаар үргэжлэн манай уншигчдыг байлдан дагуулж байна.

“Хиртэлт”, Стефани Мэйр

Эрхлэн гаргасан Монсудар хэвлэлийн газар

Зохиогч Стефани Мэйрийн “Бүрэнхий”, “Шинэ сар” цувралын гуравдугаар дэвтэр болох “Хиртэлт” роман англи хэл дээр хэвлэгдэн гарсан даруйдаа “Нью-Йорк таймс”-ын шилдэг номоор шалгарч олон сар уншигчдыг байлдан дагуулсанибөгөөд Монголын уншигчын хүртээл болсон юм. Хиртхийлгэм аймшигт цус сорогч үзэсгэлэнт бүсгүйд дурласан байж боломгүй харицаа, хайр дурлал цааш хэрхэн үргэжлэн амьдрал хайр сэтгэлийн ээдрээ өрнөхийн энэ зохиолоос харж болно.

“Сүүдрээр алхагч”, Майкл Уолтерс

Орчуулан гаргасан Б. Цацрал

Британийн зохиолч Майкл Уолтерсийн “Сүүдрээр алхагч” нэртэй адал явдалт роман анх 2006 онд Европт хэвлэгдэн гарсан бөгөөд өнгөрсөн долдугаар сард монгол хэлнээ хөрвүүлэгдэн манай уншигчдын хүртээл болсон билээ. Энэхүү номыг сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал орчуулан хэвлүүлсэн байна. Анх хэвлэгдэн гарсан даруйдаа Европын адал явдалд дуртай уншигчдын сонирхлыг татсан энэ номын гол баатар мөрдөн байцаагч Нэргүй номын ертөнцөд уншигчдын хайртай нэгэн баатар болон мэндэлжээ. “Сүүдрээр алхагч “бол зохиолч Майкл Уолтерсын цуврал романы эхнийх нь. Тэрбээр одоо дөрөв дэх цувралаа бичиж байгаа.

Монголын говьд орших алтны ордод хөрөнгө оруулсан Америк, Оросын компаниуд хувь, ашгаа булаацалдан хоорондоо “дайтаж” эхэлнэ. Харин тэр аймшигт дайн, цуст аллагадаа монгол нинжа залууг ашиглана. Улаанбаатарын тансаг зочид буудал, говийн жуулчны бааз, хуучин үйлдвэрийн хаягдаж эзгүйрсэн байр ээлж дараалан аймшигт хэргийн газар болон хувирсаар. Англи геологичийг хөнөөсөн хэрэг дээр ажиллахаар Британиас ирсэн мөрдөгч алуурчинд барьцаалагдаж, мөрдөгч Нэргүйг Хууль зүйн сайд “дарамтална” Энэ мэтээр “Сүүдрээр алхагч”-ийн үйл явдал өрнөнө.

Далд ухаан

“Нууц”, Рондо бюрн

Эрхлэн гаргасан Монсудар хэвлэлийн газар

Дэлхийн бестселлэр болсон энэ бүтээлийг Монсудар хэвлэлийн газраас Монголд анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгээр хэвлэн гаргажээ. Агуу нууцын өчүүхэн хэсгүүд ам дамжсан яриа уран зохиол, шашин, гүн ухаан зэргээс зуун зууны туршид олдсоор иржээ. Харин одоо нууцын бүх хэсгийг нэг дор цуглуулж, хэрэгжүүлж чадсан хүний амьдралын орвлонгоор нь эргүүлэхүйц байдлаар анх удаа дэлгэгдсэн нь нууцын анхны ном байсан юм

“20121221 Түнэр харанхуй ертөнцийн мөхөл”, Г. Намираа

Бид юмсыг буруу гэж хараад байвал тэр зүйл өөрөө бидэнд хор нөлөөг бий болгодог харин бид бурууг зөв гэж тайлж, тайлбарлаж, ухаарч чадах юм бол тэр зүйлийн хор нөлөө багасдаг. Тиймээс 2012 онд ямар зүйл болж юу тохиох гээд байгааг бага ч гэсэн эергээр тайлбарлах зорилгоор хэвлүүлэн гаргасан энэ номонд чухам энэ өдөр юу тохиох, дараа нь юу болохыг зөгнөн харж хэлсэн байдаг.

“Эрхэм ариун амьтад”, Төгс гэгээрсэн их багш Чин Хай

Эрхлэн гаргасан Төгс гэгээрсэн их багш Чин Хайн олон улсын нийгэмлэгийн Монгол дахь төв

Амьтдын дотоодын гайхамшигт сэтгэлгээ, түүний нөхцөл, болзошгүй хайр илэрхийллийг сүр жавхлант амьд байгальтай нь хослуулан буулгасан энэхүү ном сүрлэг онгон байгалиа хайрлан бидэнтэй зэрэгцэн оршигч амьтдыг илүү ихээр хайрлахын ухааныг өгсөн билээ. Зохиогч тэдний эрхэмсэг ааш араншин, хайр нь юутай ч харицуулшгүй гэдгийг энэ номондоо өгүүлсэн байна.

“Нууцын хөтөч”, Майкл Жей Лосиер

Ертөнц дахины таталцлын хүчин дотор бид оршин байдаг. Энэ их хүчин дундаас хүсч байгаагаа авч хүсээгүйгээ авахгүй байх нь бидний сонголт билээ. Гэхдээ хэрхэн хүсэх вэ. Хүсэл даган ирж байдаг эргэлзээгээ хэрхэн ялан дийлэх вэ. Хорвоо ертөнц агуу уудам. Эд баялаг, аз амжилт хэн бүхэнд адилхан заяасан байдаг ч тэд зөвхөн таны хүсэхийг хүлээгээд хажууд чинь чимээгүйхэн байдгийг энэ ном өгүүлнэ.

“Агнистын гэгээ” цуврал, орчуулсан П. Бадрал

Эрхлэн гаргасан Непко хэвлэлийн газар

Агнистийн гэгээ цувралын долоо дахь боть ухаарал, бясалгал, гэгээрэл нэртэйгээр Энэтхэгийн хутагт Шантидивагийн алдарт Бодичарьяаватара бүтээлийн орчуулга тайлбарын хамтаар хэвлэгдэж байсан бол дараагийн боть нь Тантрын дуудлага нэртэйгээр, Сарахагийн хаан дуулал, Ошо багшийн тайлбараар танд хүрсэн билээ.

Түүх нийгэм

“Монголд өнгөрүүлсэн есөн сар”, Иван Яковлевич Коростовец

Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар

Монгол дахь Оросын Бүрэн эрхт төлөөлөгчийн өдрийн тэмдэглэл, 1912 оны 8-р сараас 1913 оны 5-р сар хүртэл Монгол дахь Оросын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан Иван Яковлевич Коростовец агсны Монгол оронд амьдарч байх хугацаандаа өдрийн тэмдэглэл хөтөлж, Монголчуудын амьдрал ахуйг үнэн бодитойгоор дүрслэн харуулсан олон баримт сэлтийг энд дурьдсан байдаг. Энэ ном бол XX зууны эхэн үеийн монголчууд, Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар түүхийн нэн баялаг эх сурвалж бөгөөд ялангуяа Монгол болон алс Дорнодын талаар Оросын Засгийн газраас явуулж байсан албан ёсны бодлогын шинж чанарыг ч бид энэ тэмдэглэлээс ойлгож болно. Түүнчлэн Монгол, Хятад. Төвдийн талаар Оросын улс төрчид, дипломатчдийн үзэл бодол ч энд тусжээ.

“Монголын төлөөх зүрэх бүхэнд”, Ц.Санчир, Б. Цэрэн

Эрхлэн гаргасан Тархан суурьшсан Монголчууд ТББ

Эзэн Чингис хаан, түүний үр сад нарын байгуулсан улсууд, дэлхийн соёл иргэншилд монгол хаадын оруулсан гайхамшигтай хувь нэмэр, найман зууны тэртээх Их Монгол улсынхаа хязгаар нутгийг сахин үлдсэн монголчуудын өнөөгийн дүр төрх, тэдний амьдрал ахуйд уламжлагдан өдгеег хүрсэн монгол угсаатны онцлог, зан заншлыг гэрэл зургаар өгүүлж, бас баримт мэдээллээр баяжуулан тодотгосон нь Монголын түүх судлалд үнэхээр чухал ач холбогдолыг авч ирсэн билээ. Энэ номоос өвөг дээдэс маань хаанчилж байсан газар нутаг, ард түмнийхээ улстөр, нийгмийн харилцаанд ямар хүчтэй нөлөөлж байсныг, бас соёл, шинжлэх ухаан, уран барилгын салбарт ямар гайхалтай их өвийг бүтээж үлдээснийг үзэгч, уншигчид олж мэдэх болно.

“Монголчууд xx зууны эхэнд зурагт түүх I”

Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар

Монгол хүн бүр эзэн Чингисийн бүтээсэн баатарлаг түүхээр бахархаж, их хааныхаа нэрийг эдүгээ дэлхий дахинд биднийг таних нэг тэмдгээ болгож байна. Энэ бол XIII зуунд агуу явсан монголчуудын түүхийг эдүгээтэй холбож буй нэг учир холбогдол юм.Тэгвэл зуу гаруй жилийн тэртээ монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин удам, уламжлал, соёлоо хадгалж байв гэдэг талаар энэхүү түүхэн гэрэл зургийн номонд өгүүлэх юм.

XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, "Мөхөж буй үндэстэн" хэмээгдэж байсан монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр, улсаа сэргээн төвхнүүлсэн түүхэн үйл явдал бидний амьдралд илүү ойрхон болохыг эл зурагт ном харуулах болно.

“Урлагийн түүx”, Э.Х. Гомбрих

Эрхлэн гаргасан: Непко хэвлэлийн газар

Сүүлийн 50 гаруй жилийн турш энэхүү ном нь эртний агуйн зургаас орчин үеийн хийсвэр урлаг, хүртэлх өргөн сэдвийг хамарсан хосгуй бүтээлд тооцогдсоор байна. Дэлхийн өнцөг булан бүрийн янз бүрийн насны хүмүүс проф. Гомбрихийг өөрийнх нь хэлдэгчлэн-урлагийг хайрлах мэдрэмжээ өвөрмөц авъяас, мэддэг ухаантайгаа хослуулсан жинхэнэ мастер хэмээн үнэлдэг.

Дүрслэх үрлагийн талаарх өргөн мэдлэгтээ тулгуурлан, Гомбрих бидэнд урлагийн түүх бол зогсолтгүй үргэлжлэх түүхэн хэлхээсгэдгийг мэдрүүлж, энэ нь урлагийн бүтээлээр дамжйн өнгөрсөн болон ирээдүйг, амьдран буй өнөө цагийг маань эртний сац суварга босгож байсан тэрхүү эрин үетэй холбогч амьд хэлхээс гэдгийг ойлгуулдаг билээ.

“Эртний Хүний Мөрөөр”, Рой Чапмэн Эндрюс

 

1926 онд туурвисан "Эртний Хүний Мөрөөр” хэмээх Монгол орноор аялсан аян замын тэмдэглэл нь Эндрюсийн Монголын олон нутаг орноор газар зүй, хүн ам, ёс заншил, ан амьтны талаар иж бүрэн судалгаа хийснээ дэлхий дахинаа тайлагнан хэлэлцсэн бүтээл юм. Ердийн уншигчдад ойлгомжтой байхаар онц сонирхолтой бичигдсэн энэ хүүрнэл тэмдэглэлээс Эндрюс шинжилгээний ангиа хэрхэн зохион байгуулсан, Монгол орон руу ямар замаар аялсан, нийслэл хүрээнд юутай учирсан, монголчуудын аж байдлыг хэрхэн дүгнэсэн, аль нутаг хошуугаар дайрсан, ямар хүмүүстэй учирсан, аль сүм хийдээр зочилсон хийгээд Өмнөговь аймгийн нутгаар хэрхэн аялсан, ангын ямар олз омогтой байсан, шинжлэх ухаанд урд өмнө мэдэгдээгүй юуг нээсэн, тухайн үеийн газар орны байдал, хүн зоны амьдралыг хэрхэн дүгнэсэн зэрэг "иж бүрэн”, сонирхолтой тэмдэглэлүүдийг уншиж болно.

Монголын уран зохиол

“Хайрын тухай үлгэр”, Т. Хонгорзул

Залуу зохиолч Т. Хонгорзул “Зүрхэн шивнээ”, “Хайрын амт” өгүүлэгийн түүврүүдээрээ уншигчдын танил болжээ. Энэхүү гурав дахь номоо тэрээр хүний амьдралын хамгийн гэгээн бүхнийг гуниг баярын олон өнгийн утсаар хатган төгс нэгэн зураг болгон хүмүүст хүргэх гэсэн миний хүсэл хэмээжээ.

Хайрыг "үлгэр" гэж бодогчид цөөн байгаасай гэж хүссэндээ эл бүтээлээ "Хайрын тухай үлгэр" хэмээн нэрийдсэн юм. Жинхэнэ хайрын тухай өгүүлсэн түүх үлгэр домог болон үлдэх бус үнэн амьдралын дунд тэнүүчлэн байгаад итгэж бүтээлээ тийн нэрлэжээ.

“Хайр”, Б.Шүүдэрцэцэг

Зохиолч Б. Шүүдэрцэцэг "Хайр" нэрт сонгомол өгүүллэгийн түүвэр ном хэвлэгдлээ. Энэхүү номонд орсон өгүүллэгүүдээс бүрдсэн “Хайр” сонсдог номдоо гучаад оны үеийн хэлмэгдлийн улмаас хагацсан хайртай хосын тухай “Сүүлчийн өртөө”, хайрын сэдэвт “Цасан нулимс”, хүний сайхан сэтгэл, эцгийн хайрын тухай “Хойд эцэг” өгүүллэгүүдийг түүний уран бүтээлийн анд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Алтантуяа уншсан байна.

“Сүмтэй бударын чулуу”, Р.Чойном

Эрхлэн гаргасан: Чойномын өвийг хамгаалах өд сан“ӨД” сан

Эл номын анхны хэвлэл 1990 онд хэвлэгдээд хамгийн хурдан борлуулалт, эрэлт хэрэгцээтэй ном байсныг гэрчлэх хүмүүс олон байгаа. Хорин жилийн дараа эргэн үзвэл, эл ном нь тухайн үедээ Хэл уран зохиолыг хянан шалгах газрын хяналтын уур амьсгал арай тасраагүй байсных уу, нэлээд шүлгийн мөр бадгийг засамжлан үг үсгийг солих, бүр хасах зэрэг "дундчилсан" ном байх тул Р.Чойномын "ӨД" Санд хадгалагдаж байгаа зохиогчийн эх гар бичмэлтэйтулган нягтлахад орхигдсон мөр шүлгүүдийг нэмж оруулаад дахин хэвлүүлсэн байна.

Д.Урианхай, “Түүвэр зохиолууд”

Эрхлэн гаргасан: Монголын утга зохиол судлалын төв

Еншөөбүү Улаан Ямаат Дамдинсүрэнгийн Урианхайн Түүвэр зохиол нь Яруу найрагчаас яруу найргийн омогшил, нийгмийн эмзэглэл, тэмүүлэл, өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал, дэврүүн зан, итгэл, үнэмшил, хүсэл мөрөөдөл, сэтгэл санааны эмзэглэл, хэлбэлзлэл, онол сэтгэлгээний эргэцүүлэл гээд юм бүхнийг олж харна. Номын эхний бөлөгт шүлгүүд, дэд бөлөгт эссээ, эссээ-өгүүллэг, туурь, ойллого, “дотоод ойллого”, бодол, “Үр-бодол”, уянгын өгүүлэмж, “гуниглуун”, “халаглуун”, “дотуур яриа”, товчууд багтжээ. Монголын нийгмийн сэтгэлгээг гэгээрүүлж, хүнлэг, нигүүлсэнгүй ёс суртахуунтай болгох гэж зүтгэдэг нэгэн билээ. Оюун санааны үр өгөөж, бясалгал, гүн ухаан, шинжлэх ухааны үзэл, ойлголт, аргачлал, бодит амьдрал, эш онолын эрэл гэх мэт олон асуудлын дунд хөвөрч, уран бүтээлээ туурвидаг нь түүний онцлог.

“Алтан үеийн яруу найраг”

Эрхлэн гаргасан: Монголын утга зохиол судлалын төв

Өнөөдрийг хүртэл Улс Монголын маань түүхэнд ийм олон авьяас билигтнүүд нэгэн дор төрж, нэгэн зэрэг туйрвиж, нэгэн агаараар амьсгалж байсан нь үгүй бололтой. Энэхүү түүвэр номонд Яруу найрагч Пунцгийн Бадарч, Жамцын Бадраа, Чойсүрэнгийн Дагвадорж, Зундуйн Дорж, Бавуугийн Лхагвасүрэн, Дэндвийн Пүрэвдорж, Шаравын Сүрэнжав, Дамдинсүрэнгийн Урианхай, Дөнгөтийн Цоодол, Чойжилын Чимид, Рэнчиний Чойном, Бэгзийн Явуухулан нарын сор бүтээлүүдийг эмхэтгэн энэхүү номыг Монголын утга зохиол судлалын төв гаргажээ. “Алтан” гэгдэх үеийг чухамхүү тэд л алталж өгсөн гэдэгтэй хэн ч маргахгүй буй за.

“Интерном”

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж