
Харин өнөөдөр УИХ-ын чуулганаар “Ус” үндэсний хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм. Тус хөтөлбөрийн хүрээнд хүн амын ундны усны хатуулгыг бууруулах, усны хэрэглээг зохистой болгох үүднээс айл өрх, албан газарт усны тоолуур тавих ажил хэр явцтай байгаа зэрэг асуудлаар гишүүд БОАЖ сайд Л.Гансүхээс асуусан юм. Мөн дээрхи асуудлуудыг зохицуулах талаар ямар ажил хийж байгааг лавлалаа.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 18 мянган усны тоолуур тавьсан байгаа ба нэмж 15 мянган тоолуур тавихаар болсон гэнэ. БОАЖЯ-ны зүгээс “Усны үндэсний хороо”-г байгуулсан бөгөөд тус яам усны хөтөлбөр боловсруулж бэлдсэн гэх боловч бодитой үр дүн харагдахгүй байна гэж Р.Буд гишүүн шүүмжилж байлаа.
Хуралдааны үеэр “Арьс шир боловсруулагчдын холбоо” нь ХХААХҮЯ-ны зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг, тэгэхээр ХХААХҮЯ арьс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хязгаарлах ажлыг хийх ёстой болдог гэж яригдав. Ийм болохоор БОАЖЯ хянаж чаддаггүй гэнэ. Мөн харгиа цэвэрлэх байгууламж нь нийслэлийн өмч болохоор БОАЖЯ бас л шууд “ингэ, тэг” гэж болдоггүй гэсэн тайлбар гарч байлаа. Гэхдээ харгиа цэвэрлэх байгууламжийг эхний удаад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засах, яваандаа нийслэлээс гаргах талаар төлөвлөж байгаа юм байна. Ундны усыг сайжруулахын тулд гадаадын улсуудын болон банк санхүүгийн байгууллагуудын тусламж зээлийн хүрээнд найман төсөл хэрэгжиж байгаа аж. Тус төслүүд хэрхэн хэрэгжихээс шалтгаалж иргэд ямар ус уух, дахиж загас үхэх үү үгүй юу гэдэг нь тодорхой болох юм байна.
Б.Алтансүх