Боксчид гурван медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Боксчид гурван медаль хүртлээ

Казахстанд олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, тэнд олон улсын хоёр ч тэмцээнд оролцохоор энэ сарын эхээр хилийн дээс алхсан Монголын олимпийн боксын шигшээ багийн тамирчид хоёр дахь тэмцээнээсээ гурван хүрэл медаль хүртлээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг гавьяат, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага долоон тамирчны бүрэлдэхүүнтэй энэ сарын 2-нд Казахстаныг зорьсон Монголын ширэн бээлийтнүүд Алматы хотноо 11-16-нд болсон тэмцээнд оролцож, гурван алт /Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, С.Эрдэнэбаяр/, хоёр хүрэл /Н.Төгсцогт, Б.Түвшинбат/ медаль хүртсэн бол энэ сарын 18-нд Караганда хотноо эхэлсэн ээлжит тэмцээнээс дахин гурван медаль хүртлээ. Энэ удаад 52 кг-ын жинд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 81 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнэбаяр нар хүрэл медалийн эзэд болжээ. Харин олимпийн аварга Э.Бадар-Ууган тус тэмцээнийг өнжсөн байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөж, жин жингийн аваргууд тодрох юм.

Монголын ширэн бээлийтнүүд тэмцээний дараа буцаад Алматыд очиж, хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлж байгаад энэ сарын 27-нд эх орондоо ирэх ажээ. Улмаар он гараад, нэгдүгээр сард боксын УАШТ болох юм. Улсын аваргад амжилттай оролцсон тамирчид залгуулаад Европын цувралд оролцоно.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж