”МАН-ынхан тусгаар тогтнолыг дэмжихгүй байна” гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

”МАН-ынхан тусгаар тогтнолыг дэмжихгүй байна” гэв

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Н.Батбаяр нарын гишүүний санаачилсан Нийтээр тэмдэглэх баяр ёслол, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Ардын нам, Ардчилсан намын гишүүдийн дунд нэлээд маргаан өрнөв. Хуулийн төсөл санаачлагчдын хувьд тусгаар тогтнолоо баталгаажуулсны 100 жилийг ойг тэмдэглэх хэрэгтэй гэж буй. Ингэхийн тулд энэ сарын 29-нийг бүх нийтийн амралтын өдөр болгох. Мөн бөх барилдуулж амжилт үзүүлсэн бөхчүүдэд Улсын баяр наадмын нэгэн адил цол олгох тухай тусгасан. Гэтэл уг асуудлыг хэлэлцэх үеэр Ардын намын гишүүд нэг, нэгээрээ цуварч гарсаар байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нараас өөр хүн үлдээгүй юм. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нарын хувьд байнгын хорооны гишүүн биш учир санал өгөх эрхгүй. Хурлын дэгийн дагуу хурал хаяж гарсан бол тухайн асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн гэсэн үг. Харин үүнд ундууцсан Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Танай нам бүлгийн шийдвэр гаргаад байгаа юм уу. Тийм бол бид өөрөөр ойлгоно” гэв. Хариуд нь Б.Бат-Эрдэнэ гишүүн “Бид амралтыг дэмжээгүй биш. Харин цолыг ингэж олгож болохгүй тухай ярьж байна” гэлээ. Тэгтэл УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Та 750 жилийн ойгоор цол авч байсан шүү дээ. Үүнтэй адилхан” гэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүн “Тэгвэл энэ цолоо буцаагаад ав. Бөхчүүдийн дунд ингэж цол авсан хүмүүс ямар хэцүү байдгийг та нар мэдэхгүй. Ийм байж арай хийж журамласан зүйлийг өөрчилж яах гээд байгаа юм” хэмээн нэлээд бухимдалтайгаар хэлэв. Мөн Н.Батбаяр гишүүн “Ардын намынхан Монголын тусгаар тогтнолыг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ” гэсэн юм.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж