Професи: Оросын далайн боомт руу нүүрс тээвэрлэхэд хэцүү

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Професи: Оросын далайн боомт руу нүүрс тээвэрлэхэд хэцүү

Канадын “Професи” компани Сэлэнгэ аймагт орших “Улаан Овоо” эрчим хүчний нүүрсний ордод өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас олборлолт хийж эхэлсэн. Тус компанийн мэдээлж буйгаар, өнөөдрийн байдлаар тус ордоос 230 мянган  тонн нүүрс олборлож, 130 мянган тонныг нь борлуулжээ.

Тус компани ирэх онд “Улаан Овоо” ордоос 300-500 мянган тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна.

Професи Монголын нүүрсийг Оросын зүүн эргийн далайн боомтууд руу хүргэх нь ярвигтай, хүндрэлтэй асуудал боловч ирэх оны хоёрдугаар хагаст энэ асуудлыг нааштайгаар зохицуулах тээвэрлэлтийн суваг нээхийг эрэлхийлэн ажиллана гэдгээ мэдэгджээ.

Тус компанийн анхаарч буй хамгийн гол ажил нь Хэнтий аймгийн 1.2 тэрбум нөөцтэй нүүрсний сав газарт орших “Чандгана Тал” эрчим хүчний нүүрсний ордын дэргэд байрлах “Чандгана” 600 МВт-ын цахилгаан станцын төсөл юм. Эрчим хүчний зохицуулах газраас уг станцыг байгуулах зөвшөөрлийг олгосон тухай тус компани өнгөрсөн сарын сүүлээр мэдээлсэн юм. “Чандгана” станцын бүтээн байгуулалтын ажлыг “Професи” 2013 оноос эхлүүлэхээр төлөвлөж буй бөгөөд 2016 оны нэгдүгээр сард станцын 150 МВт-ын хүчин чадалтай эхний хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.

Энэхүү станцын төслийн санхүүжилтийн 80 хувийг Хятадын бодлогын банкууд буюу Экспорт-импортын банк, Хөдөө аж ахуйн банк, Хятадын хөгжлийн банкнаас, харин үлдсэн 20 хувийг компанийнхаа хувьцааны арилжааны орлогоор бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж