“Парламентад суудалтай намууд орон нутгийн сонгуульд оролцох хэрэггүй”

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

“Парламентад суудалтай намууд орон нутгийн сонгуульд оролцох хэрэггүй”

УИХ-ын гишүүн Д.Энхбатаас Улс төрийн намын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах талаар тодрууллаа.

-Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар та өмнө нь хэлж байсан. Энэ юу болсон бэ?

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр /өчигдөр/ Э.Бат-Үүл гишүүн “Улс төрийн намууд байхгүй болчихвол Монгол Улс задарна” гэж ярьсан. Э.Бат-Үүл гишүүний бодож байгаа зүйлд санаа зовоосон асуудал бий. Улс төрийн намууд сумын түвшинд  сонгуульд оролцохоо бо­ливол үүний оронд яах вэ гэдгийг ярилцах хэрэгтэй. Гэсэн хэдий ч улс төрийн намууд орон нутгийн сонгуульд оролцоно гэдэг буруу юм. Энэ нь В.И.Лениний зохион байгуулсан пролетарийн аж ахуйн улс орныг авч явдаг ойлголт шүү дээ. Дэлхийн бусад оронд парламентад суудалтай намууд сумын сонгуульд оролцдоггүй. Гэтэл өнөөгийн Монголын улс төрийн намын тогтолцоо парламентын намын тогтолцоо руу шилжих үү. Сум орон нутгийн түвшинд намаараа талцдаг байдлыг хэрхэн багасгах зэрэг асуудал байна. Ингэхийн тулд иргэний шууд сонгууль явуулах тухай ярих ёстой. Тэгэхээр аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нарын хоорондын харьцаа, орон нутгийн удирдлага, төрийн удирдлагын хосолмол байдлыг хэрхэн хангах вэ гэсэн асуудлын талаар ярилцаж байна. Харин Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж буй гишүүдийн тухайд хосолмол байдлыг хадгалах, иргэний удирдлагыг оруулах хэрэгтэйг 100 хувь дэмжиж байгаа юм. Миний бодлоор парламентад суудалтай намууд орон нутгийн сонгуульд оролцохгүй байх нь чухал гэж үздэг. Үүний оронд ямар шийдэл байх вэ гэдэг дээр гишүүд анхаарал хандуулж байна. Хөдөө, орон нутагт явж байхад сумын иргэд намд орж, талцдаг байдал ажиглагддаг. Иймээс үүнийг л халах хэрэгтэй.

-Намын хатуу гишүүнчлэлийг халах нь хэр үр дүнтэй юм бол. Хуулийн төслөө УИХ-д хэзээ өргөн барих вэ?

-Одоогоор УИХ-аар энэ асуудлыг оруулаагүй байна. Хатуу гишүүнчлэлийг халах шаардлага бий. Учир нь цэцэрлэгийн эрхлэгч, эмнэлгийн захирлыг томилохдоо намыг нь хардаг байх жишээтэй. Ийм байдал ч тогтчихлоо. Тийм учраас аль болох дэмжигчдийн, сонгогчдын нам байх тухай ярьж байгаа юм. Иргэний Зориг-Ногоон намын хувьд дэмжигч гишүүн гэсэн статусыг бий болгоод явж байгаа шүү дээ.

-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад намын хатуу гишүүнчлэлийг халахаас гадна өөр юуг өөрчлөх ёстой гэж үзэж байна вэ?

-“Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг хөтөлдөг зургаан гишүүн бусад гишүүдтэй хамтран Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Бидний хувьд намуудын сонгуулийн болон гишүүнчлэлийн тогтолцоон дээр тулгуурлан ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Сонгуулийн тухай хуульд пропорциональ тогтолцоо оруулсан учир намуудын дотоод ардчиллын асуудлыг ярина. Тухайлбал, нэр дэвших 76 хүнээ хэрхэн сонгох вэ гэдгийг нам дотроо ярилцана. Тэгэхээр намын дотоод гишүүдийн оролцоо, хяналтыг сайжруулах хэрэгтэй.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж