НЭМГ-аас зөвлөмж гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

НЭМГ-аас зөвлөмж гаргалаа

Шинэ жилийн баярыг бид өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Энэ баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин, архаг хууч өвчин сэдэрдэг билээ. Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Бүх нийтээрээ архигүй баяр тэмдэглэж сурцгаая

-Архи дарснаас татгалзах,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
-Хоол ундыг тохируулан хэрэглэх
-Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу авах, халдаахаас сэргийлэх
-Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
-Жирэмсэн эхийг анхаарах
-Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
-Агаарын бохирдолоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийж сурах
-Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
-Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
-Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье

Томуу томуу төст өвчин нь:

-Вирүсээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин
-Халдвар нь амьсгал, агаар дусал, ахуй хавьтлын замаар халдварлана

Томуу томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:

Халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх, цөөн тохиолдолд бөөлжих суулгах шинж тэмдэг илэрнэ.

Урьдчилан сэргийлэх:

ТТТөвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул чанарлаг хоол хүнс хэрэглэн, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, хангалттай амрах, хорт зуршил хэрэглэхгүй байх

-Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтний улиралд даарч хөрөхгүй байх
-Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх
-Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
-Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах
-Хамрын салстыг сонгино сармисын тосон хандаар арчих
-Илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс , жимс, жимсгэний шүүс элбэг хэрэглэх. Хоолондоо сармис хэрэглэх
-ТТТӨвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
-Үзвэр үйлчилгээ олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
-Амны хаалт зүүж хэвших

Томуу томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?

-Эмчийн зааврын дагуу гэрийн нөхцөлд тусгаарлан хэвтрийн дэглэм баримтлан эмчилгээ хийх
-Ханиах найтаах үедээ ам хамраа таглах
-Амны хаалтыг 2 цаг тутамд сольж хэрэглэх
-Ажил, сургууль, цэцэрлэг т явахгүй байх
-Хувийн ариун цэврийг чандлан мөрдөж, гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом , аяга,халбага зэргийг содийн уусмалаар угааж ариутгах.
-Өрөө байрны цэвэрлэгээ агааржуулалтыг сайн хийх
-Бага насны хүүхэд өндөр настнаа асарч, өвчин хүндрэхээс сэргийлэх.
-Хэрэв өвчний хүндрэл зовиур арилахгүй бол харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах

Томуугаас сэргийлэх уламжлалт анагаах ухааны энгийн арга

-Алт, мөнгөний ионтой ус хэрэглэх
-Сармис хүзүүнд нь зүүх
-Чихэр өвс буцалгаж уух
-нохойн хошуутай цай хэрэглэх
-Цагаан гаа, сармистай шөл
-Аарц (шөлөнд чанаж уулгаж хөлөргөх)
-Сүүнд сармис буцалгаж уулгах
-Хүйтэн агаар амьсгалахгүй
-Даарч жигнэгдэхгүй байх
-Шингэн зүйл өдөрт 2-3 литрийг уух
-Халуун ус, ууранд суух (5 рашаантай)

Хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:

-Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.
-Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.
-Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байна.
-Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:

-Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх.
-Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх.
-Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх.
-Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах.

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших

-Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах.
-Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
-Усыг буцалгаж хэрэглэх.
-Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах.
-Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших.

-Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорх нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Үүнд:

-Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж