-Хэдэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хар дэвтэр” хэмээх нэгэн баримт дэлгэсэн. Мөн бууны сумны хонгионы талаар ч ам нээлээ. Та тухайн үед биеэрээ байсан хүний хувьд юу гэж дүгнэж байна?
-Би 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдал эхлэхээс төгсөх хүртэл тэнд байж санал хураалтын булхайнуудыг нүдээрээ харсан хүн. Х.Тэмүүжин гишүүн хуульч хүн байж үнэхээр хариуцлагагүй зүйл ярьж байна. Түүний дэлгэсэн баримт гэх дэвтэр ямар ч ор үндэсгүй зүйл. Мөн өгүүлж байгаа баримтууд нь дотроо логикгүй, авцалдаагүй байсан.
-Яагаад авцалдаагүй гэж. Та нарт тэр дэвтрийг үндэслэлгүй гэх баримт байгаа юм уу?
-Учир нь “Хар дэвтэр”-т гарч буй бууны гол төмрийг өөрчлөхөд гурван метр нүх ухалцсан гэх долоон цагдаагийн нэрийн талаар юм. Тэр цагдаа нарын зарим нь тухайн үед Ганц худагт хоригдож байсан. Жишээлбэл, н.Төмөрбаатар, н.Батдорж нар. Яахаараа шоронд байсан хүмүүс гэнэт гарч ирээд эд мөрийн баримтаа нуудаг билээ. Тийм ямар ч боломж байхгүй шүү дээ. Бас тэнд нэр нь бичигдсэн нэг цагдаагийн хөл хугарчихсан гэртээ хэвтэж байсан. Мөн Х.Тэмүүжин бууны хонгио үзүүлж байна лээ. Хонгиог хэн ч хаана ч буудаад гаргаж ирж болно шүү дээ. Шалгалтын явцад тэр хонгиог цагдаа нарын бууных мөн, бишийг огтхон ч нягталж, шалгаагүй талаар мэдээлэл бий. Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа хууль зөрчсөн яриа өгсөн байна лээ.
-Яагаад хууль зөрчсөн гэж?
-Тэрхүү “Хар дэвтэр”-ийг шүүхээс хэргийн нотлох баримт мөн гэж эцсийн шийдвэр гаргаагүй байхад дэвтэрт дурьдагдсан мэдээллийн дагуу цагдаа нарыг гэм буруутай хэмээн нотолгоогүй зүйл ярьсан.
-Тэгэхээр та цагдаа нарыг үймээний үеэр байлдааны сум хэрэглээгүй гэх гээд байна уу?
-Тийм ээ. Цагдаа нар Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу бослогын үеэр галт зэвсгийг зохих журмын дагуу зөв хэрэглэсэн. Тэд зөвхөн босогчдыг айлгах зорилгоор байлдааны буунд резинэн сум хэрэглэж буудсан.
-Танд үүнийг нотлох баримт байгаа юм уу?
-Байгаа. Жишээ хэлэхэд, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн н.Сүхбаатар гэж хүн тэнэсэн резинэн суманд өртөж нэг нүдээ сохлуулсан тохиолдол бий.
-Тэгвэл тэр үед амь алдсан таван хүнийг хэн буудсан юм бол. Мөрдөн байцаалтын явцад байлдааны сумаар буудсан нь тогтоогдсон шүү дээ. Бас тэнд цагдаа нараас өөр ямар ч байлдааны зэвсэг ашигласан гэх баримт олдоогүй.
-Тэгвэл би цагдаа нарыг хүн буудаагүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Хэдийгээр тэр “Хар дэвтэр”-ийг бид ямар ч үндэслэлгүй гэж байгаа ч зарим нэг баримтыг гаргаж өгсөн.
-Ямар баримт гаргаж өгсөн гэж?
-Өнөөх хар машины талаар. Чухамдаа тэр хар машин байсан нь үнэн шүү дээ. Бүр телевизийн дуранд өртсөн байгаа.
-Нууц биш бол ямар телевизийн дуранд өртсөн юм бол?
-“UBS” телевизийн. Жагсаал болоод хоёр хоног өнгөрч байхад хэдэн цагт ч билээ дээ, хар масктай, буу барьсан хоёр хүн жижгэвтэр хар машины хажууд зогсож байгаа дүрс бий. Гэхдээ энэ дүрсийн талаар нэг ч мэдээлэл мөрдөн байцаалтын явцад дуулдаагүй. Хүн буудсан талаарх мэдээлэл хэлсэн сувилагчийн амыг барьдаг шиг хуурцгийг нь устгасан юм шиг байна лээ.
-Таны хувьд хэргийн мөрдлөгийг хэр сайн болсон гэж бодож байна вэ?
-Сулхан болсон. Үүнд Тагнуул, Мөрдөн байцаах газар, прокурорынхон аль аль нь үүргээ ухамсарлаж ажиллаагүй. Үүнийг бид шүүмжлэхээр огт хүлээж авдаггүй. Бүр зарим нэгэн хүмүүсийг хэрэгт дахин шалгах үндэслэлтэй байтал ер хэрэгсэхгүй байгаа.
-Та сая мөрдлөг хангалтгүй болсон гэлээ. Та нар цагдаа нарыг хүн будаагүйг нотлохын тулд өөрсдөө мөрдлөг хийж үзсэн үү?
-Тийм зүйл хийгээгүй. Бидэнд хэрэг мөрдөх эрх байхгүй шүү дээ.
-Ер нь үнэн, худал ч бай “Хар дэвтэр”-т тэмдэглэн бичсэн хүнийг та тогтоох гэж оролдож үзсэн үү?
-Бага зэрэг мэдээлэл бий. Тэр дэвтрийн эзэн Эргүүл хамгаалалтын албанд ажиллаж байсан н.Төмөрхуяг гэх нэртэй цагдаа бий гэж сонсогдсон. Түүний ээж нь хуульч хүн гэсэн мэдээл бий. Гэхдээ яг энэ нэр мөн, биш нь тодорхойгүй байгаа. Ямартай ч цаашид үнэн нь олдож таарна.
-Та нар Х.Тэмүүжин гишүүний тэр дэвтрийг бодитоор нь харсан уу?
-Бидэнд ер үзүүлэхгүй байгаа. Тэгэхээр жаахан асуудалтай байгаа гэсэн үг биз дээ. Х.Тэмүүжин үхсэн хүмүүсээр түрий барьж О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарыг хаацайлах гэсэн оролдлого хийж байна. Эцсийн эцэст тэд сонгуульд ялагдсандаа болж зохион байгуулалтайгаар цуглаан хийсэн шүү дээ.
"Улс төрийн тойм" сонин