Эмэгтэйчүүдийн үзэл бодлыг тусгана

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн үзэл бодлыг тусгана

Монгол оронд ардчилал шинэчлэл үүсэн буй болж 20 гаруй жилийг ардаа үдэж, шинэ үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд сонгож, сонгогдох эрхээ эдлэн сонгуульд оролцдог билээ. Бид төлөөллийн ардчиллын зарчмын дагуу өөрсдийгөө төлөөлүүлж, УИХ болон төр түшилцэх албан тушаалд томилдог. Энэ хугацаанд төрийн өндөр албан тушаал болон хууль тогтоох байгууллага УИХ, гүйцэтгэх засаглал буюу засгийн газар болон аймаг орон нутгийн удирдлага болон өөрөө удирдах байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх буюу 80 орчим хувь нь эрчүүд зонхилж байна гэсэн судалгааг гаргасан байдаг. Үнэндээ өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажил хийж гэр бүлээ тэжээж байгаа эхчүүд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм. Гэтэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь гайхалтай. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалан ажилладаг олон улсын болон үндэсний төрийн болон төрийн бус байгууллагууд улс төр, шийдвэр гаргах бүхий л шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Харин Төв  аймгийн хэмжээнд ИТХ-д сонгогдож төр түшилцэж байгаа болон, шийдвэр гаргах албан тушаалд байгаа эмэгтэйчүүд 23.9 хувь байна. Энэ нь улсын хэмжээнд Завхан аймгийн дараа хоёрт орох тоон үзүүлэлт юм.

Аймгийн ЗДТГ-ын  Хууль зүйн хэлтэс, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо” сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, аймгийн болон сумдын ИТХ-ын төлөөлөгчид, сумдын засаг дарга, ИТХ-ын дарга, засаг даргын орлогч, төрийн байгууллагын удирдах албан тушаал зэргийг хашиж буй эмэгтэйчүүд оролцлоо.

Сургалтаар гэр бүлийн хөгжил, бэхжилт ба эмэгтэйчүүд, Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага, Нэр дэвшигч ба сонгогч, Нэр дэвшигч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хэрхэн харьцах вэ, ухуулга нөлөөллийн тухай ерөнхий ойлголт ба арга техникүүд, сонгуулийн шинэчлэгдсэн хуулийн тухай ойлголт сэдвүүдээр аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн мэргэжилтнүүд, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, эмэгтэйчүүдийн зөвлөл, УИХ-ын Тамгын газрын судалгааны референт шинжээч докторууд хичээл заалаа.

Энэхүү сургалтын гол зорилго нь ирэх 2012 онд болох шат шатны сонгуулийн үр дүнгээр эмэгтэйчүүдийн эзлэх тоог нэмэгдүүлэх, түүгээрээ дамжуулах төрийн болон бусад шийдвэрт эмэгтэйчүүдийн дуу хоолой, үзэл бодлыг тусгуулахад оршиж байгаа юм байна.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж