Матад сум байнгын эрчим хүчтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Матад сум байнгын эрчим хүчтэй боллоо

Олон жилийн турш найдвартай гэрэл цахилгаангүй байсан Дорнод аймгийн Матад сум энэ сарын 20-ны билэгт сайн өдөр байнгын эрчим хүчтэй боллоо.  Хамтарсан Засгийн газрын зөв бодлого шийдвэр, орон нутгийн удирдлагууд, Матадчуудын нөр их зүтгэлийн хүчээр өнөөдөр Дорнод аймгийн Матад сум  байнгын эрчим хүчинд холбогдлоо. Хэдийгээр аймгийн төв Чойбалсан хотод эрчим хүчний томоохон станц байдаг ч хөрөнгө мөнгөний асуудлын улмаас энэ сумыг өнгөрсөн олон жилүүдэд  эрчим хүчинд холбож чадаагүй байсан юм. Аймгийн төвөөс 150 гаруй километр зайтай алслагдсан Матад суманд эрчим хүчний шугам тавих ажил энэ оны аравдугаар сард эхэлжээ. Газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-иас Матад сум хүртэлх 78км-ын урттай, 15 киловатын цахилгаан дамжуулах шугамын угсралтын ажлыг Улаанбаатар хотын “Энергио стар” ХХК хийж гүйцэтгэсэн байна. 1.2 тэрбум төгрөгийн өртгөөр босч буй Байнгын эрчим хүчинд холбох ажлыг хоёр сарын хугацаанд хийсэн хэдий ч чанарын өндөр түвшинд болжээ хэмээн улсын комисс хүлээн авсан байна. Ийнхүү Дорнод аймгийн Матад сумынхны олон жилийн туршид мөрөөдсөн хүсэл нь биелэж, төвийн байнгын эрчим хүчинд холбогдлоо. Сумын иргэд энэ сарын 19-ний өдрийн 15.00 цагаас гэрлээ авч баяр хөөр дүүрэн байна. Хөгжлийн төлөөх томоохон ажилд шат шатны албан тушаалтнууд хамтарч ажилласнаар ямар ч асуудлыг бүтээх боломжтой гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ хэмээн Матад сумын Засаг дарга Наранцэцэг онцолсон юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж