-Ким Чен Ир гэнэт нас барч, түүний орыг хүү нь авлаа. Энэ нь Хойд Солонгосын нөхцөл байдлыг тодорхойгүй болгож байна. Тийм үү?
-Мэдээж хэрэг, цаашид нөхцөл байдал хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Ийнхүү Хойд Солонгосын дээд удирдлага солигдож байгаа нь 60 жилийн түүхтэй тус улсын хувьд хоёр дахь тохиолдол нь боллоо. Ким Ир Сен агсаныг нас барсны дараа 1994 онд түүний орыг хүү Ким Чен Ир залгамжлан авах үед бүх зүйл эртнээс боловсруулсан төлөвлөгөөний дагуу явагдаж байсан. Харин энэ удаад нөхцөл байдал арай өөр байгаа учраас Хойд Солонгосын эрх баригчид нэлээд болгоомжилж буй бололтой.
-Хойд Солонгос цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх санаархлаасаа ухрах эсэх нь олон улсын анхаарлыг татаж байгаа. Шинэ удирдагч нь энэ тал дээр ямар бодлого явуулах бол?
-Хойд Солонгосын цаашдын байдал дараах хоёр янзаар үргэлжилнэ гэж тодорхойлж болохоор байна. Юун түрүүнд, цөмийн зэвсгийн асуудалд ямар байр суурь баримтлах нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Түүнчлэн Хойд Солонгосын тал сүүлийн 18 сарын хугацаанд цэргийн ажиллагаагаа идэвхжүүлсэн. Үүнээс болж Өмнөд Солонгостой харилцаагаа муутгахын зэрэгцээ олон улсын анхаарлыг өөр рүүгээ татаж чадсан. Тэгэхээр энэ удаад Ким Чен Ун хүчирхэг удирдагч гэдгээ нотлохын тулд эдгээр асуудлыг улам хурцатгаж магадгүй. Энэ нь маш том эрсдэлийг бий болгожбайгаа юм. Нөгөөтэйгүүр Ким Чен Ун Хойд Солонгосын улс төрд орж ирээд удаагүй байгаа. Түүнд улс орныхоо удирдах түвшний хүмүүсийг нэгтгэх нэр хүнд, хүч чадал одоохондоо байхгүй. Харин дайснууд нь энэ байдлыг овжноор ашиглаж, Ким Чен Уны хүчийг улам бүр сулруулахын тулд чармайх болно. Үүнээс болж ойрын хугацаанд Хойд Солонгосын улс төр тогтворгүй болж мэдэх юм.
-Ямартай ч Ким Чен Ун эцгийнхээ суудлыг залгамжлах нь нэгэнт тодорхой болсон. Харин тэрбээр Ким Чен Ирийн баримтлаж байсан бодлогыг үргэлжлүүлэх болов уу. Тухайлбал, түүний эцэг цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлаарх зургаан талт хэлэлцээрийг дахин эхлэхийг дэмжсэн шүү дээ?
-Магадгүй бодлогыг нь хэвээр нь хадгалж болох юм. Яг ямар бодлого баримтлах нь удахгүй тодорхой болох байх. Ким Чен Ир зүрхний шигдээсээр нас барах үед АНУ-ын хүний эрхийн байгууллагынхан Хойд Солонгост нэлээд их хэмжээний хүнсний тусламж үзүүлэхээр болж, Бээжинд үүнтэй холбоотой хэлэлцээрийг хийж байсан. Америкчууд Хойд Солонгостой харилцахыг оролдох бүрт эсэргүүцэлтэй тулгардаг. Харин энэхүү хүнсний тусламж хоёр орныг холбох гүүр нь болно. Үүний ачаар Хойд Солонгосын тал цөмийн зэвсгийн талаарх зургаан талт хэлэлцээрийн ширээнд дахин суух магадлалтай. Тиймээс энэхүү хүнсний тусламж маш их ач холбогдолтой. Хэрэв Хойд Солонгосын тал зургаан талт хэлэлцээрт оролцохоор болбол Ким Чен Ун эцэг шигээ хатуу шаардлага тавих эсэх нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцэж эхлэх үед Ким Чен Уны цаашдын бодлогыг мэдэх боломжтой.
-Хятадын Засгийн газар энэ асуудал дээр ямар байр суурь баримталж байна вэ. Тэд Хойд Солонгост ямар нэг хэмжээгээр нөлөөлөхийг оролдож байна уу?
-Хятадын тал бусад орны нэгэн адил нөхцөл байдал хаашаа эргэх вэ гэдгийг хүлээж байгаа. Хойд Солонгосын улс төр өдийг хүртэл тогтвортой байсаар ирснийг онцлох хэрэгтэй. АНУ Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авсан. Гэтэл ингэснээрээ тэднийг буулгаж авч чадаагүй. Тэдний эсрэг юу хийнэ, буцаагаад яг тийм хариу авдаг байсан. Хятадын хувьд Ким Чен Уныг дэмжихээ юун түрүүнд мэдэгдчихээд байгаа. Гэхдээ энэ нь тус улсын байр суурийг бүрэн илтгэсэн хэрэг огт биш юм. АНУ-д Цагаан ордоны төлөөлөгчид Солонгосын хойгийн нөхцөл байдал тогтвортой байхыг хүсч байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ Хятад, АНУ аль, аль нь асуудал хаашаа эргэх вэ гэдгийг анхааралтай ажиглаж байгаа.
-Хятадын хувьд Хойд Солонгосын цэрэг армийнхантай хэр холбоотой байдаг юм бол. Энэ нь цаашид тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлэх магадлалтай юу?
-Хятадын Засгийн газарт АНУ, Европоос дээрдээд байх зүйл байхгүй. Америкчууд Хойд Солонгосын дотоод асуудлыг хэр зэрэг мэдэх вэ, төдий хэмжээний зүйлийг л хятадууд мэднэ. Харин Хойд Солонгосын цэрэг, армийн зарим дарга Хятадад талтай байдаг гэсэн яриа бий. Гэхдээ энэ бол цуурхал төдий зүйл. Ерөнхийдөө бол Хятадын эрх баригчид Хойд Солонгосын батлан хамгаалах салбарт нөлөөгөө тогтоохыг байнга оролддог. Даанч энэ нь томоохон үр дүнд хүрээгүй гэж дүгнэж болно.
-Хойд Солонгосын эдийн засгийн нөхцөл байдал хүмүүсийн анхаарлыг маш их татдаг. Ким Чен Ун эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх болов уу. Та юу гэж бодож байна вэ?
-Надад ямар ч таамаг алга. Ким Чен Уны баримтлах эдийн засгийн бодлогыг битгий хэл өөрийнх нь тухай ч мэдэх зүйл бараг байхгүй. Ер нь хэн ч юу ч мэдэхгүй. Тэр 27, 28 орчим настай, Швейцарийн хаа нэгтэй хэдэн жил суралцсан.
-Гэхдээ ядаж түүний ганц, хоёр зураг хэвлэлд гарсан шүү дээ?
-Хүмүүс тэр зурган дээрх хүн Ким Чен Ун гэж бодож байгаа болохоос биш яг таг нотлох баримт байхгүй. Америкчууд Ким Чен Ирийн залгамжлагчтай илүү ойр харилцахын тулд түүний хувийн сонирхлыг талаар нарийвчилж судалсан баримт бий. Тухайлбал, тэрбээр сагсанбөмбөг тоглоход гойд их дуртай, нэлээд дуу муутай хүн гэх мэт. Гэхдээ үүнээс өөр олигтой зүйл мэдэж чадаагүй шүү дээ. Харин Хойд Солонгосын нийгэмд авлига хүчээ авч байгааг би гадарлаж байна. Үүнээс болж удирдах албан тушаал хашдаг, хангалуун амьдралтай хэсэг бүлэг хүн бий болсон. Тэдний дийлэнх нь Пхеньянд байдаг. Жирийн ард иргэд нь 10, 20 жилийн өмнөхөөсөө ядуу дорой амьдарч байхад тэдний нөхцөл байдал эсрэгээрээ сайжирсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хойд Солонгост хийсэн валютын шинэчлэлээс болж инфляци 140 гаруй хувьд хүрсэн. Өнгөрсөн зун хойд солонгосчууд цаг агаарын нөхцөл байдлаас олигтой ургац хурааж авч чадаагүй. Энэ нь тус улсад инфляци улам нэмэгдэхэд хүргэсэн. Тэгэхээр Хойд Солонгосын эдийн засаг маш хүнд байдалд орсон гэдэг нь харагдаж байна.
-Энэ нь Хойд Солонгосын удирдагч хатуу байр сууринаасаа ухрах нөхцөл болж болох юм. Тийм үү?
-Хойд солонгосчуудад хүнсний тусламж маш их хэрэгтэй байгаа.
"Улс төрийн тойм" сонин