Үндсэн хуулийн Цэц “Үхсэн буурын толгой”-ноос дор болоо юу

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн Цэц “Үхсэн буурын толгой”-ноос дор болоо юу

Үндсэн хуулийн Цэц бүлээ бүрдүүлэхгүй байсаар энэ оныг үдэж байна. “Морь унасан толгойгүй хүн” шиг энэ айлын нуруун дээр их улс төр, цаашилбал Монголын ард түмний хувь заяатай холбоотой олон чухал асууд­лыг үүрүүлчихээд байдаг. Гэтэл Цэц даргагүй. Монголд өнөөдөр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, 40 нас хүрсэн иргэн олдохгүй байна гэж үү.

Хамгийн сүүлийн мэдээ­гээр энэ сарын 27-28-нд Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Зас­гийн газрын тогтоолууд Үнд­сэн хууль зөрчсөн эсэх ту­хай маргааныг хянахаар тов­лоод байгаа. Гэхдээ үүнийг даргагүй Цэц хянана. “Хэрэв Цэц даргагүй ажиллаад бо­лоод байгаа юм бол юунд халдашгүй дархан эрх олгон, өн­дөр цалин амлаж, илүү зардал гаргадаг юм бэ” гэж эгдүүцэх хүн ч цөөнгүй бай­на.

Уг нь Үндсэн хуулийн Цэ­цийн даргын том албан тушаал, зөөлөн сэнтий хуу­лийн салбарынхны амбицыг хөдөлгөж, сэтгэлийг хөвсөл­зүүлсээр байгаа нь маргаангүй үнэн. Гэвч энэ суудал маш явцуу хүрээнийхэнд ха­маа­ралтай. Тодруулбал Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний нууц санал ху­раалтын дүнгээр л даргыг нь томилохоор хуульд заасан. Тиймээс эхлээд Цэцийн ги­шүүн болох, дараа нь есөн гишүүний ядаж тавынх нь са­налыг авах ийм явцуу хүрээнд сонгодог суудлыг хэн нэгэнд эртнээс амлах аргагүй байдаг. Түрүүч нь I нүүрт

Үндсэн хуулийн Цэцийн даргыг УИХ томилох учиртай. Гэхдээ АТГ-ын даргыг томилохдоо “удтал бодсон”-ы эцэст Н.Ганболд, дэд даргаар Б.Хурц нарыг томилсноос харахад УИХ “долоо хэмжиж нэг огтлох” тусмаа буруу сонголт хийгээд байх шиг.

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Бямбадоржийн оронд Ардын намаас М.Алтанхуяг, Ардчилсан намаас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нарын нэ­рийг дэвшүүлэх байх гэсэн таа­маглал дуулдаад удаж байна. Мөн “Жендерийг бодолцон УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмааг томилох нь” гэлцэж байсан ч Элчингээр томилогдоод “Харьд одсон тэр бүсгүй” сонгууль, Цэц хоёроос алсарсан.

Парламентад суудалтай улс төрийн намуудын хувьд Үнд­сэн хуулийн Цэцийн даргын томил­гооны талаарх амбиц нь нэг л цэгт огтлолцож буй. Энэ нь юуны өмнө Сонгуулийн тухай хуу­лийн шинэчилсэн найруулгаар “улаан ном”-д бүртгэхүйц, бодит амьдралаас тасарчихсан заалтууд олон бий. Тэдгээрийг эсэргүүцсэн пар­ламетанд суудалгүй намынхан болон иргэний хөдөлгөөний төлөөллүүд Үндсэн хуулийн Цэцэд хандахаа нэгэнт мэдэгдээд байна. Шинээр томилогдох Цэцийн дарга энэхүү зөрчлийг элгээрээ хамгаалаад гарах үүргийг хамгийн түрүүнд хүлээнэ. Цаашилбал УИХ-ын тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулахад улстөрчдийн асар өндөр ашиг сонирхол илт ажиглагдаж буй. Тэр бүхэнтэй тэмцэх чадвар одоогийн Цэцэд хангалттай байгаа эсэх нь эргэлзээтэй.

Цэцийн экс дарга Ж.Бям­бадоржийн хувьд дахин сонгогдох боломжгүйгээр бүрэн эрхийн ху­гацаа нь дуусгавар болсон. Түү­нийг суудлаасаа буухад буруу ха­ран алгаа ташин хөөрцөглөх хүн олон байсныг нуух хэрэггүй. Энэ нь түүний Үндсэн хуульдаа үнэнч бай­сантай ч холбоотой. Тэрбээр улс төр, УИХ дахь дотны нөхөр, шатрын партнёр­тоо хүртэл хатуурхаж, түнжин хагаран дотроо шаналж явсан удаа­тай.

УИХ-ын гишүүд 2007 онд тойр­гуудад 250 сая төгрөг хуваа­рилахад Үндсэн хуулийн Цэц иргэний өргөдлийн дагуу маргаан үүсгэж, хянан шалгаад дүгнэлтээ УИХ-д өргөн барьсан. Уг дүгнэлтийг  УИХ хүлээж  аваагүй учраас Үндсэн хуулийн Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, тогтоол гаргасан. Тэр үед улсын төсөвт тусгасан 250 сая төгрөгийг тусад нь хэлэлцэн хүчингүй болгож байлаа. Хожим нь тойрог бүрт хуваарилсан нэг тэрбум төгрөгийн асуудлыг өөрийн биеэр шалгаад зөрчсөн гэж үзэж байгаа тухай албан бичгээ УИХ-д явуулж байв. Тухайн үед уг албан бичгийг “Байдаг л нэг албан бичиг шүү дээ” хэмээн УИХ-ын гишүүд үл тоож байсан ч үнэн хэрэгтээ энэ нь Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай асуудал байсан юм. Тиймээс ч Ж.Бямбадорж дарга “Үндсэн хуулийн Цэцийн тогтоолоор хүчингүй болгосон асуудлыг дахин сэргээн баталсан тохиолдолд Цэц их суудлын хуралдааныг бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулж хэлэлцдэг. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл төсвийг зогсооно гэсэн үг. Энд ямар нэгэн улс төр, бие биедээ таалагдах, эс таалагдах асуудал огт байхгүй” хэмээн хатуу мэдэгдэж олон хүний дургүйг хүргэсэн. 

Ерөнхийлөгчийн хоригийг ч, Цэцийн шийдвэрийг ч дараалан “унагааж” байсан УИХ Төсвийн хуульд ямар хэмжээний сонгуулийн хахууль төлөвлөснийг хэн хүнгүй таамаглаж буй. Одоо иймэрхүү ноцтой алдаа гаргахад нь саад болохгүй,  дуулгавартай хүнийг Үндсэн хуу­лийн Цэцийн даргаар томилохыг тэд хүснэ. Үндсэн хуулийн “аюулгүй байдал”-д сэ­жигтэй олон хуулийн төслийг УИХ-ын хэлэлцэх асуудлын жаг­саалтдаа нуучихаад байгаа. Энэ бүхнийг саадгүй нэвтрүүлэн дуугүй суух кандидатыг л хайж бэдрээд байгаа болохоос 40 хүрсэн, амбицтай, “тө­рийн харчууд” Монголоор “дүүрэн” байна. “Цэцийн дээр тэнгэр л бий” гэж гавьяат хуульч Г.Совд гуай хэлсэн бол эдүгээ улс төрийн намууд, УИХ өөрсдийгөө тэнгэр лугаа сэтгэн ашиг сонирхлын зөрчил шингээсэн хуулиудаа “үйлдвэрлэсээр”, хаацайлсаар байна.

Монголчууд “Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг” гэлцдэг. Тэгвэл өнөөгийн улстөрчид Үндсэн хуулийн Цэцээс  “Үхсэн буурын толгой”-ны дайтай ч эмээхгүй байгаа нь эмгэнэлтэй. Үндсэн хуулийн Цэцийн хараат бус байдлыг үл тоох тэдний хувьд “Чамайг бид томилсон юм шүү” хэмээн харцаараа зандарсаар хүслээ гүйцэлдүүлнэ гэж үзэж буй бололтой. Харин ард түмэн минчийтэл улайж, түнтийтэл уурлан шударга ёс, Үндсэн хуулиа хамгаалаад гардаг “Ховдын” Ж.Бям­бадорж шиг Цэцийн дарга л хэрэгтэй байв. Түүнийг эрх баригчидтай зад хэрэлдэхийг хараад ард түмэн хэзээ ч жигшин зэвүүцэж байсангүй. Харин ч түүний талд орж “Ганц болгож тавилаа” хэмээн балиашигладаг байв. Учир нь нэгэнт эрх баригчидтай тэрсэлдэж, тэдэнд үл таалагдах үг хаясан хойно тэр “манай талд” гэсэн үг. Гэвч бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгоод Хүний эрхийн үндэсний комиссын даргаар ажиллаж буй. Галтай цогтой түүнийг усанд хийчихсэн юм шиг л “шалчийсан” гэж хэлж болно.

Нэгэнтээ тэрбээр “Ихэнх то­хиолдолд УИХ-ын гишүүд өөрсдөө  зөрчил гаргачихаад “Захиалгаар шийдвэр гаргалаа” гэж харддаг. Нөгөө талаас өргөдөл гаргасан хүмүүс Цэцийн дүгнэлт сэтгэлд нь нийцэхгүй болохоор тэгж хэлдэг. Тийм юм огт байхгүй. Цэцийн хамт олонд  хувийн ямар ч эрх ашиг байдаггүй юм. Энд ганцхан эрх ашиг бий. Дараа нь ичихгүйн тулд, хуульчдын дунд нэр хүндээ алдахгүйн төлөө Цэцийн гишүүд ажилладаг. Шийдвэр гаргахдаа парламент дургүйцэх болов уу, иргэн гомдчих болов уу гэж хэн ч боддоггүй, ярьдаггүй. Яг хуулийн зүйл, заалтаараа яаж ойлгогдож байна, логик нь яаж гарч ирэв, нотлох баримт нь юу байна, үнэн юуг өгүүлж байна вэ гэдгийг зөвлөөд шийдвэр гаргадаг. Ер нь нарийн төвөгтэй асуудал байх тусмаа шийдвэр нь бараг 100 хувь нэг талдаа гардаг юм даа. Амьдралд болж байгаа үйл явдал, нийгмийн харилцааг хуулиар зохицуулдаг. Тэр хуулийг нь Үндсэн хуультай нийцүүлээд харахаар “Хоёр хоёрын дөрөв” л гарахаас биш, “Хоёр хоёрын гурав” хэзээ ч гардаггүй. Гэтэл манай улстөрчид хоёр хоёрын гурав ч, нэг ч, долоо ч гаргаад байдаг. Үүнийгээ яаж ч тайлбарлаж чаддаг. Бид бол тайлбарладаг ч үгүй. Шаардлагагүй юм чинь” хэмээн ярьсан удаатай.

Өөрийг нь томилсон УИХ-ын гишүүдээс үл эмээн Үндсэн хуулийн “аюулгүй байдал”-д үнэнч байх 40 эргэм насны хуульч, улстөрч байвал “хууль бус хуулиуд”-тай тэмцэх Цэцийн даргын суудал таныг хүлээж байна.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж