Хэн нэгний томилолтоор биш, өөрийнхөө бүтээсэн орон зайгаар ерөнхий эрхлэгчийн байр сууринд хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн сэтгүүлчдийн нэг нь Л.Мөнхбаясгалан юм. Цөөхөн ч гэж, минийхээр бол цорын ганц сэтгүүлч.
Хөлс хүч шавхсан хар ажлаар дүүрэн сонины гал тогоонд сурвалжлагчаас эхлээд сэтгэгч хүртлээ өөрөө өөрийгөө өндийлгөж боссон тэрбээр өнөөдөр өдөр тутмын сонины зах зээлд үзэл бодол, өнгө төрх содон “Улс төрийн тойм” сониныг бий болгож, хэдийнэ амжилтад хүрчээ.
Сонин бол өвөрмөц бизнес. Өнгөтэй хэвлэсэн цаасных нь төлөө уншигч тэрийг худалдан авдаг юм биш, харин түүний агуулгынх нь төлөө, үзэл баримтлалынх нь төлөө хэрэглэгч үнэ төлдөг. Тэгэхээр сонин бол цаас биш нөлөө юм. Хэн нэгэн, хэсэг бүлэгт нөлөөтэй сэтгүүлч байх төдийгөөр сэтгэл ханаагүй учраас нийгэмд нөлөөтэй сонины төлөө тэр ажилласан, чадсан. Үүнээс илүү өндөрлөг сэтгүүлчийнх нь хувьд өөр юу байх ёстой гэж. Гэхдээ энэ бол миний л бодол. Надаас, сэтгүүлч бидний олонхоос илүү эрчим хүчтэй Баясаагийн хувьд өөр өндөрлөг харагдаж байж ч мэдэх юм…
Сэтгүүлч бид улстөрчид, урлагийн одод, эмч багш гээд хүн танихаас танихгүйг хүртэлх олон хүнийг үг харамлахгүй магтдаг хэрнээ өөрсдийгөө бараг магтдаггүй юм. Яагаад гэвэл… Өрсөлдөөн… Энэ бол сэтгүүлч болох замд учирдаг үй түмэн бэрхшээлүүдийн л нэг.
Харин энэ удаад надад Л.Мөнхбаясгаланг магтах шалтгаан олдлоо. Мэргэжил нэгтэй, нэг үе ажил, редакци нэгтэй явсан анд маань номоо хэвлүүлжээ. Арван таван жил өдөр тутмын хар ажилд нухлуулсан хэрнээ ном болгоод хүнд үлдээчихээр юм хийгээгүй гэж бодож явснаа өмнөтгөлд нь өөрөө дурдаж. Үнэндээ өдөр тутмын сонин өдөртөө л хуучирдаг гэж бид бүгдээрээ л боддог маань эндүүрэл юм байна. Гэхдээ тэр олон өдрүүдийн тэр олон дугаарыг агуулгаар дүүргэсэн тохиолдолд л үнэ цэнтэйгээр үлддэгийг түүний номуудыг амтархаж байхдаа хачин сайн анзаарав.
Үнэнийг хэлэхэд Баясаа! Төсөөлж байснаас маань ч сайн ном болжээ. Өнөөдөр бидний олонхийн маань мартсан үйл явдал, өрнөл тайлал, өөр хаанаас ч хайгаад олохгүй болсон баримт судалгаа, үзэл бодол чиний номуудад чихэлдчихэж. Өнөөдөр мартсан, өөр газраас олохгүй болсондоо ч бас учир нь байгаа юм биш. Чухамдаа бол тэр үед нь ч чамаас өөр хүн олж харахгүй үйл явдал, чамаас өөр хүн олж чадахгүй баримтууд номуудыг чинь дүүргэж буйд үнэ цэн нь байгаа болов уу.
Эрэн сурвалжлах чиглэлийн сурвалжлага, нийтлэл, ярилцлагууд чинь үнэндээ л жин дарах эрдэнийн чулуу мэт харагдаж байна. Өөр хүнд бол зусардсан үг мэт сонсогдох байх л даа. Гэхдээ үүнийг хийхэд ямар хөдөлмөр, цаг хугацаа, юу эс зарахыг бас ч халуун чулуу атгаж үзсэн хүний хувьд би үнэлж чадна.
Эрэн сурвалжлах чиглэлээрх Л.Мөнхбаясгалангийн бичлэгүүд олон шинэ сэдэв, үйл явдлын мөрөөр орж, баримтуудыг базаж шүүрч байжээ. Энэ чиглэлд олон чухал асуудлын мөрөөр тэр орж хойноос нь дагаж хөөсөн ч харин түүний гаргасан мөрөөр эрэн сурвалжлага руу орсон сэтгүүлч өнөө хэр ховор. Өдөржин инээж ханиаж, үе үе компьютерийн товчоо эрчтэй нүдэж, завсар зуур нь цайлж тамхилж амжсанаа орой биднээс түрүүлж ажлаа дуусгачихаад гараад гүйдэг байсан хэрнээ яаж тэр бүхнийг амжуулж байсан юм бол?
Түүний улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаарх нийтлэлүүд хэр даацтайг миний сэтгэгдэлгүйгээр уншигчид мэднэ гэж бодож байна. Хажууд болон хаа хол, ил хийгээд далд болж өнгөрсөн үйл явдал бүрийг тэр шүүрэн барьж, хоёр биш гурван нүдтэй юм шиг харж чаддаг. Тэгээд бүр хоёр биш дөрвөн гартай юм шиг бичдэг. Улс орны амьдралд ул мөрөө үлдээх улс төрийн хүрээний үйл явдлуудын хажуугаар тэр дуугүй өнгөрч байсан удаагүй мэт санагдана. Улстөрчдийг улалзуулам халуун баримтуудыг хачин өөр өнцгөөс хөндөж, хэр баргийн хүн хэлж зоригломгүй үгсээр хэнэггүйхэн булчихдаг. Үүнийхээ шанд тэр сэтгүүлчийн нэр алдраа олж, өөрийн нөлөөгөө тогтоосон. Шүүхийн хаалга татаж, хараал зэмлэлийг ч сонссон. Энэ бол сэтгүүлчдийн зовлон, жаргал боловч бас сэтгүүлч бүрт тохиолддог сорил биш. Тэгэхээр тэр бидний олонхиос арай өөр юм.
“Надад хэзээ ч бэлэн боломж таарч байгаагүй, би үргэлж өөрөө тэмцэж олдог” гэж Баясаа нэг удаа надад хэлж билээ. Би бол орчлонгийн өргөсийг түүж барахгүй хойно гутлын улаа ширлэсэн нь дээр гэдэг философитой хүн. Харин Баясаа өргөс бүрт хатгуулж, дараа нь тэр бүрийг түүж шүүрдэх гэж амьдардаг мэт санагддаг. Номыг нь уншиж байхад тэр хэтэрхий олон асуудал, хэтэрхий олон сэдэв рүү оржээ. Яах гэж? Яагаад?
Яагаад тэр бүхэн бидэнд хамаатай гэж? Яагаад тэр бүрийн төлөө өвдөх ёстой гэж? Би бол нүдээ таглаад чихээ бөглөөд хажуугаар нь гараад явсан асуудлыг тэр сэтгэл зүрхээрээ хүлээж авч байж… Улстөрчдийн уур хүргэсэн дүр төрх… Учирч таараагүй, хэзээ ч уулзаж үзэхгүй үл таних хүмүүсийн уярам түүх… Уур бухимдлаа хөдөлгөж, урссан нулимсаа арчиж, галзуу юм шиг ганцаараа инээж Л.Мөнхбаясгаланг уншив.
Хэдхэн хоногийн өмнө бичсэн зүйлдээ сайшаал сонсч, цоо шинэ юм хэлчихлээ гэж хөөрсөндөө би ичив. Аль гурван жилийн өмнө Мөнхбаясгалан гурав нугалаад хэлчихсэн юм байж… Одоо яая гэхэв дээ, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хэлсэн, бичсэнээрээ, хэлээгүй, бичээгүй тусгалаараа хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөнийг чинь хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга даа, анд минь.
Амжилт хүсье.